Х.Баделхан: Энэ онд 10 мянган өрхөд ипотекийн зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-13 16:25:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээний талаарх БХБ-ын сайдын мэдээллийг сонсов.

Монгол Улс 2008 оноос иргэдийг орон сууцжуулах зорилгоор ипотекийн зээл олгож эхэлжээ. 2008-2012 онд 42 мянга 600 өрх, 2013-2016 онд 26 мянган өрхөд ипотекийн зээл олгосон байна. Харин 2016 онд Монгол Улсын эдийн засаг хүндэрч улмаар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр” хэрэгжүүлж эхэлснээр ипотекийн зээл олголтын хэмжээ буурсныг БХБ-ын сайд Х.Баделхан мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийг эргэн төлөлт болон Монголбанк, арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. Арилжааны банк энэ онд 3798 өрхөд 248 тэрбум төгрөг, Монголбанк  3578 өрхөд 236 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олголоо. Өөрөөр хэлбэл 7383 өрх нийт 484 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн үг. 2018 оны эцэс гэхэд энэ үзүүлэлт 10 мянгад хүрнэ гэсэн тооцоолол бий. ОУВС-гийн шаардлагын дагуу ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн асуудлыг Монголбанк бус Засгийн газар хариуцах болсон” гэлээ.

Мөн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхэд хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас гаргасан хөрөнгийг Засгийн газар төлөх ёстой болно. Одоогоор Засгийн газарт тийм боломж байхгүй” хэмээв.

Мэдээллийн дараа гишүүд асуулт асууж санал хэллээ. Тухайлбал, Б.Баттөмөр гишүүн амины орон сууц барих ипотекийн зээл олгох боломж байгаа эсэхийг тодрууллаа. БХБЯ болон холбогдох албаныхан ипотекийн зээлийн журмыг шинэчилж байгаа бөгөөд одоогоор амины орон сууц барихад зээл олгох боломж байгаа эсэх талаар нарийвчлан судалгаа хийж байгааг сайд хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг асуув. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Орон сууцны урьдчилгаа 30 хувиа төлөөд 8 хувийн хүүтэй зээл авах боломжтой 30 мянга орчим иргэн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү зээлийн эрэлт их байна. Тиймээс эхний ээлжинд зээлийн хүртээмжийг сайжруулах алхмыг хийнэ. Дараа нь зээлийн хүүг бууруулах алхам хийх болно” гэв.

Мөн О.Баасанхүү гишүүн Нийгмийн даатгалын сан болон Засгийн газрын 27 тусгай сангийн хөрөнгийг ипотекийн зээл олголтод зарцуулж, хүүг 3 хувь болон урьдчилгаа төлбөрийг 20 болгон бууруулах боломж байгааг дурьдлаа.

Түүнчлэн Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын гишүүд ипотекийн зээлийн хүртээмж хангалтгүй байгааг шүүмжилсэн юм.

Холбоотой мэдээ