Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-11 18:46:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

С.Бямбацогт нарын 11 гишүүний өнгөрөгч сарын 19-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Эрүүгийн хуульд нийт 200 гаруй гэмт хэргийн төрлийг тодорхой заасан байдгаас ердөө 7 төрлийн хэрэг голлон үйлдэгддэг байна. Тухайлбал, хулгайлах, бусдын бие мах бодид хохирол учруулах, залилан мэхлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг нь Монгол Улсад бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, хүн худалдах болон цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж буйг С.Бямбацогт гишүүн хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.

Тэрбээр, “Монгол Улсад 2014 онд гэмт хэргийн улмаас 148.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2017 онд 198.1 тэрбум болж өссөн. Мөн 2017 онд гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 2016 оноос 500 орчмоор нэмэгдсэн. Тиймээс гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Энэхүү хуулийг баталснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого, төлөвлөлт, судалгаанд суурилуулан явуулах боломж бүрдэнэ” гэв.

Иргэд дээрэм, хулгай хийж байгаа нь ажилгүйдэл, ядууралтай салшгүй холбоотой гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн онцлов. Мөн Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах чиглэлээр хөтөлбөр боловсруулах хэрэгтэй хэмээв.

Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүн хулгай, дээрмээс илүү нийтийн өмчийг шамшигдуулж, авлигал, хахууль авч буй цагаан захтнуудын хэрэг нийгмийн бухимдлыг төрүүлж байгааг хэлээ. Түүнчлэн цагаан захнуутын хэргийг шалгаж буй прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд УИХ анхаарал хандуулах ёстой гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ