“Гэгээн муза-18” олон улсын театрын наадам шилдгүүдээ тодруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-24 20:35:11

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Гэгээн муза” академиОлон улсын театрын институтын Монголын төв хамтран НЗДТГ-ын ивээл дор “Гэгээн муза-18” олон улсын театрын шилдгүүдээ тодруулж байна.


Энэ удаагийн наадамд Нэр дэвшүүлэх комиссын эхний шатны үзлэгт гадаад дотоодын 90 гаруй бүтээл ирснээс 23 бүтээл шалгарч, 4 төрлөөр 21 номинацид нэр дэвшин өрсөлдөж, Монгол, Уганда, Дани, Словяни, Хонг Конг, Япон, Румын, Грек, АНЭУ, Тунис улсын уран бүтээлч, зочин шүүгчид оролцжээ. Тус наадам нь “Үндсэн жүжгийн ангилал”-д драмын болон хүүхдийн жүжгийн төрөл, “Бэсрэг жүжгийн ангилал”-д хоёр хүний болон нэг хүний жүжгийн төрлийн шилдгүүдийг тодруулж байна.


Хүүхдийн жүжгийн төрөлд Про театрынхан “Щелкунчик”, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан “Миний найз араатан”, Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин театрынхан “Гахайн ганц тоорой” жүжгээр өрсөлдөв.  Тэднээс “Шилдэг найруулагч” номинацид “Щелкунчик” жүжгээр Б.Анхбаатар, “Шилдэг тайзны зураач” номинацид “Щелкунчик” жүжгээр Б.Билгүүн, “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид “Щелкунчик” жүжгийн Дроссельмейрийн дүрээр М.Төгөлдөр, “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид “Миний найз араатан” жүжгийн Зээрэнхүүгийн дүрээр Т.Халиунсор, “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид “Миний найз араатан” жүжгийн Эцэг чонын дүрээр Э.Батмөнх шалгарлаа.




Харин нэг хүний жүжгийн төрөлд Улсын драмын эрдмийн театрын бүтээл “Тайгын хүрэн”, Театр лабын бүтээл “Ханануудын амьдрал”, Арабын нэгдсэн Эмират ALMASEELAH THEATRICAL-ын бүтээл “Дэнлүү” (Candle), УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийн бүтээл  “Дөргөнэ хатны домог”, Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрын бүтээл “Хатан сэнтийн хайлан”, Румын Улсын Theatre Tony Bulandra-ийн бүтээл “Би биш” (Not I), Тунис Улсын Chaine Theater-ийн бүтээл “Цангаа” (Thirst) дэвшжээ. Тэдгээрээс “Шилдэг найруулагч” номинацид Caramida Tanase Andreea “Би биш” жүжгээр, “Шилдэг зохиолч” номинацид Д.Урианхай “Ханануудын амьдрал” жүжгээр, “Шилдэг тайзны зураач” номинацид Caramida Tanase Andreea “Би биш” жүжгээр, “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид Б.Болдхүү “Ханануудын амьдрал” жүжгийн Хананы дүрээр, “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид Khemiri Chaima “Цангаа” жүжгийн эмэгтэйн дүрээр шалгарав.





"Шилдэг зохиолч" номинацид шалгарсан, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, утга зохиолын доктор Д.Урианхай ярихдаа, “Театрын байшинд ороход бүх юм нь сайхан байдаг. Уран бүтээлчид бид ертөнц, нийгэм, хүний амьдралын тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчинд, тэр тусмаа Монгол оронд амьдарч байгаадаа баяртай байна. Би социалист үзэл бодолтой хүн. Хэрэв миний өмөөрдөг тэр социалист үед энэ жүжгийг бичсэн бол үзэгчдэд хүрэхгүй байв. Энэ жүжиг нийгмийг хувьсгалд, бослогод уриалж, хүн төрөлхтнийг шүүмжлэн, хүнийг өт хорхой мэт үзэж, доромжилсон, хэвлэл мэдээллийг шүүмжилсэн гээд шоронд орох байх. Гэтэл би тайзан дээр шагнал аваад зогсож байна. Ийм сайхан нийгэмд амьдарч байгаадаа талархаж байна” гэлээ.


 

“Гэгээн муза-18” наадам өмнө нь үндсэн болон бэсрэг жүжгийн ангилалд таван төрлөөр зохион байгуулагдаж байсан бол энэ жилээс эхлэн наадам зохион байгуулагчид Хүүхэлдэйн жүжиг туурвигчдын хүсэлтийг харгалзан “Хүүхэлдэйн жүжиг”-ийн төрлийг шинээр нэмж, Хүүхэлдэйн шилдэг бүтээлийг шалгаруулахаар шийдсэнээрээ онцлог болж байна. 


Наадмын зочин шүүгчээр Олон Улсын театрын институтийн ерөнхийлөгч, Уганда улсын иргэн Жессика Каава, Хонгконгын театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун, Япон Улсын Токио дахь D’UOMA ex machina театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумото Ацуши, Дани Улсын “Winter movement academy”-ийн үүсгэн байгуулагч, театрын хөдөлгөөний найруулагч, сургагч багш Денни Деннис, ОУТИ-ийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман нар урилгаар ажиллажээ.


Шилдгүүдийг тодруулах ёслол үргэлжилж байна. 

Связанные новости