“Зүймэл үйлүүд” үзэсгэлэн олны хүртээл болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Уран бүтээлч Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд гарч байна.
Тус үзэсгэлэнд уран бүтээлчийн замналыг харуулах уран зураг, холимог техник, өрөг урлагаас бүрдсэн 37 бүтээлийг толилуулж буй юм. Тэрбээр хөдөө хээр, хотын гудамжинд хаягдсан эд зүйлсийг бүтээлдээ түлхүү ашигладаг бөгөөд хаягдал даавуу, олс, малын яс, зэвэрсэн төмөр нь мөн чанараараа түүний бүтээлд тодорхой хэллэг, бэлгэдэл болон орж ирдэг аж. Бүтээл хийх явц болоод харьцаж буй эд юм нь түүний биеэр туулж, барьж үнэрлэж, ухамсарлаж, танин мэдэж буй аялал юм. Энэ бүхнээс түүнийг болон түүний ертөнцийг мэдрэх мэдрэмжийг шингээсэн бүтээл төрөх аж.
Түүний бүтээлээс хувь хүний өөрөө өөртэйгөө, нийгэмтэйгээ хийх тэмцэл, түүн доторх хувь хүний хувьсал болоод өөрөө өөрийгөө устгах араншинг харж болно. Экспериментал уран бүтээлчдид тохиолддог материалын хомсдол заримдаа түүнд асуудал биш давуу тал болж хувирдаг байна.
Тэрбээр 1999 онд
“Green Horse” Монголын орчин үеийн урлагийн коллеж, 2002 онд СУИС, 2007 онд Германы Киль хотын Мутезиус Уран зургийн коллежид
суралцсанаас хойш 10 гаруй жилийн турш бие даасан зургаан үзэсгэлэн, 70 гаруй
хамтарсан үзэсгэлэнд оролцжээ. Мөн Тайпэй, Берлин, Манила, Нью Жерси, Шанхай зэрэг
олон улсын үзэсгэлэн галерейд бүтээлээ дэлгэж, 2024 онд Тайванийн Орчин үеийн урлагийн музейд /MOCA/ үзэсгэлэнгээ дэлгэсэн анхны Монгол уран бүтээлч болсон юм.
2024 онд Г.Мөнхболор “Зүүдний хүрд” холимог техникийн бүтээлээр Уран зургийн галерейн “Оны шилдэг үзэсгэлэнгийн-Үзэгчдийн нэрэмжит” шагналыг хүртэж байжээ.
Тус үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.





Ulaanbaatar