Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засаж, хүрээлэн буй орчны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, соёлын өвийг хамгаалсан “Шашин, соёлын цогцолбор” байгуулна.
Шашныг бадруулагч Данбадаржайлин нь 260 жилийн түүхтэй,
Улаанбаатар хотын ууган хийд юм. Тус хийд нийслэлийн өмчид бүртгэлтэй ч өдийг хүртэл сэргээн засаж
байгаагүйг НЗДТГ мэдээлэв.
Нийслэлийн
өмчийг хамгаалахын зэрэгцээ шашны байгууллагыг хурал номоо явуулах боломж
олгох, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад дүрэм журмын дагуу хийдийн 4.5
га газрыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр
тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын биет, биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн
үлдээхийн тулд сэргээн босгохыг
нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцолжээ.
Эхний ээлжид тухайн орчмыг хэрхэн, яаж хуучин өнгө төрхөөр нь сэргээн босгох ТЭЗҮ-ийг боловсруулж, ирэх жил зах зээлийн үнэлгээний дагуу газрыг нь чөлөөлөх юм. Тус хийдийн ойр орчимд Дамбадаржаа дэд төвийг байгуулж байгаа бөгөөд Дамбадаржаагийн 63 МВт дулааны станцыг 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулуулахаар төлөвлөөд байна.

Данбадаржайлин хийдийн цорж лам О.Лхагвасүрэн “Манай хийдэд
1765 оноос хэлмэгдүүлэлтийн үе хүртэл оргил үедээ 2000 лам ном хурдаг байв. Тухайн үед Их хүрээ 30 гаруй
шашны аймагт хуваагддаг байсан. Данбадаржайлин хийд нь цогчин дуган, 12 аймгийн 30 орчим дуган
сүм, дөрвөн дацантай. Аграмба, Лхаарамба гэсэн шашны дээд цол олгодог халх
монголын тэргүүн хийд байсан. Хийдийг II Богд Жибзундамба хутагтын дурсгалд
зориулан байгуулж, II Богд,
III Богд, V Богдын лагшин эрдэнийг хадгалж ирснээрээ халх даяар алдартай” гэжээ.
Данбадаржайлин хийдийг түүх, шашин, соёлын цогцолбор болгон хөгжүүлж, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, авто, дугуйн зам, авто зогсоол зэргийг цогцоор нь байгуулах бөгөөд хүрээлэн буй орчны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, ногоон байгууламжийг хамгаалж, нөхөн сэргээхийг чухалчилж байгаа ажээ.

Ulaanbaatar