“Хөх тойрог” жүжгээр хүний оршихуйн дотоод хашхираан, тэмцэл, зөрчлийг харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-25 16:48:44

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Гурван сүүдрийн театр” шинээр үүд хаалгаа нээж, анхны уран бүтээлээ зохиолч Б.Сүнжидмаагийн “Хөх тойрог” экзистенциалист драмын жүжгийг сонгожээ.


Энэхүү драмын жүжгийг Төмөр замын чуулгын “Ган зам” паласт энэ сарын 28,29-нд толилуулна.

 

Жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллаж буй И.Оюун-Эрдэнэ, “Энэхүү жүжгээр нийгэм, нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүний оршихуйн дотоод хашхираан, дотоод тэмцэл, дотоод зөрчлийг харуулна" хэмээн онцлов.

 

Жүжгийн төслийг МЗХ-ны дэд ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ж.Нямаа санаачлан “Гурван сүүдрийн театр”-ын нээлтийн үзвэр болгохоор хамтран ажиллаж байна. Жүжгийн агуулга, үзэл санаагаар дамжуулан гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт гэсэн нийгэмд тулгамдаж буй сэдвийг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


“Гурван сүүдрийн театр”-ыг үүсгэн байгуулагч, МЗЭ-ийн шагналт зохиолч О.Элбэгтөгс 2025 онд Соёлын яам, УДЭТ, МЗЭ-ээс санаачлан зохион байгуулсан жүжгийн зохиолын улсын уралдаанд “Хүүхэд залуучууд”, “Түүхэн” хоёр номинацад шагнал хүртсэн жүжгийн зохиолч юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар И.Оюун-Эрдэнэ ажиллаж, гол дүрд залуу жүжигчин Б.Чинбат, О.Хулан нар тоглож байна. 


Экзистенциалист гэдэг нь оршихуйн тухай онол, утга зохиолын төрөл зүйлийн нэг бөгөөд гүн ухааны суурьтай юм.

 


Связанные новости