МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид МУСГЗ цол хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмидад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээлээ.
МУСГЗ, ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмидыг МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших болон тус агентлагийн хамт олон Мэдээллийн төвд хүлээн авч, хүндэтгэл илэрхийлэв.
Энэ үеэр тэрбээр МОНЦАМЭ агентлагийн хамт олондоо баярлаж, талархсан сэтгэгдлээ илэрхийлэхдээ, “МОНЦАМЭ агентлагт 1968 онд анх лаборантаар орж 30 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Миний багш Д.Самдан, Д.Нямхүү, Б.Сүхээ тэргүүтэй багш нар бий. Гэрэл зургаараа дамжуулан монгол ахуй, ёс заншил, өв соёлоо гадаад оронд сурталчилж явсандаа баяртай байна. Энэ сайхан мэргэжлийнхээ буянаар надад очиж үзээгүй аймаг гэж байхгүй. Хүн насан туршдаа суралцдаг, одоо ч би залуу үеэсээ суралцсаар байна. Гэрэл зургийн салбарынхаа залуучуудаар маш их бахархаж байна. Сайхан зураг бүтээнэ гэдэг нь тэр өдрийн аз юм. Орчин үед гэрэл зураг бие даасан салбар болж байгаль, ан амьтан, хөрөг гэх мэтээр төрөлжсөн байна. Өнөөдөр залуучууд маш гоё зургийг төрөл бүрээр авч байна. Тэр мэдрэмж, хараа, сэтгэмж зэрэгтэй ярих юм алга. Гэрэл зургийг жинхэнэ мэргэжлийн түвшинд хөгжүүлж байна” хэмээн дурсамжаа хуваалцав.
Түүний шагнал
хүртсэн зарим бүтээлүүдийг дурдвал:
• 1977 онд “Интерпресс фото 77”
Москва хотноо болсон хүүхдийн сэдэвт олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэнд “100 кг хүрч үү” зургаараа хүрэл медаль
• 1978 онд Япон Улсад болсон “Азийн
хүүхдүүд” сэдэвт олон улсын тэмцээнд “Өглөөний дасгал” зургаараа оролцож
“Гран-При” шагнал хүртсэн
• 1979-1984 онд “Үнэн”,
“Хөдөлмөр”, “Улаанбаатарын мэдээ”,“Спортын мэдээ” зэрэг сониноос гэрэл
зурагчдын дунд ажилласан уралдаанд 1,3 дугаар байр,
• 1985 онд “Правда” сониноос
зарласан Олон улсын тэмцээнээс “Адуучин” зургаараа хоёрдугаар байр
• 1988 онд ЗХУ-ын “Советсая женщина” сэтгүүлээс зарласан олон улсын уралдаанд “Болзоо” зургаараа хүндэт диплом
• 1988 онд Азийн ACCU-аас зохиосон уралдаанд “Амжаад цайлцгаая” зургаараа шагналт байр
• 1998 онд Япон Улсын “Азийн ACCU Олон улсын гэрэл зургийн уралдаан”-д “Минийхээс гоё байдаг аа” зургаараа шагналт байрыг тус тус эзэлж байлаа.
МУСГЗ Д.Цэрэннадмид хөрөг зургийн Монголоос анхны олон улсын уралдааны тэргүүн байр эзэлж байсан гэрэл зургийн холбооны бахархал болсон ахмад гэрэл зурагчин юм.




Ulaanbaatar