Мьянмараас 24 цагийн дотор 35 мянган рохинжа хүн дүрвэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-05 16:49:08
НЕЙПЬИДО. /ВВС/. Бангладеш улс Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжа дүрвэгчдийн цуваанд дарагдаж байна гэж НҮБ өнөөдөр мэдэгдлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд Мьянмараас 35 мянга гаруй рохинжа хүн дүрвэн Бангладешт очсон байна.

НҮБ-ын мэдэгдсэнээр, Мьянмарын Рахин мужид болж буй мөргөлдөөний улмаас өнгөрсөн сарын 25-наас хойш 123 мянга гаруй рохинжа хүн орон гэрээсээ дайжаад байна.

Рохинжа босогчид мужийн цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүд рүү халдсанаар тус мужид мөргөлдөөн дэгдсэн юм.

Босогчдыг дарахын тулд цэргийн ажиллагаа явуулж байгаа нь энгийн номхон рохинжачуудыг орон гэрээ орхин явахад хүргэж байна.

Мьянмараас дүрвэсэн рохинжачууд мэдэгдэхдээ “Биднийг Мьянмарын цэргүүд хавчин гадуурхаж, дарлаж байна” гэжээ. Тэдний ярьснаар, цэргүүд болон Рахин мужийн буддын шашинтнууд рохинжачуудын тосгодыг шатааж, босогчдыг устгах нэрийдлээр энгийн номхон иргэдэд халдаж байгаа аж.

Харин Мьянмарын армийнхан “Энгийн номхон иргэд рүү халдаж буй рохинжа босогчидтой бид тэмцэж байна” гэж мэдэгдсэн юм.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ