ӨВӨРХАНГАЙ: "Чип багц"-ыг туршилтаар 13 өрхөд олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол гэрийн утаагүй халаалт, дулаалга, агааржуулалтыг цогцоор нь шийдсэн “Чип багц”-ыг туршилтаар Арвайхээр сумын 13 өрхөд олголоо.
НҮБ-ын
Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй тус төслөөр гэрийн дулаан
алдалтыг багасгаж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур суурилуулах, нүүрсээр
галладаг уламжлалт зуухны хэрэглээг халах зорилт тавьж байгаа юм.
Үүний тулд уур, ус нэвтрүүлдэггүй бүрээс, хаалга, хатавчны дулаалга, хормойтой шалавч, хаяавч, 2.4 кВт хүчин чадалтай, автомат тохируулга бүхий цахилгаан халаагуур, агаар сэлгэх зориулалттай сэнс, тоононы бүрэвч, гигрометр зэргийг төсөлд хамрагдсан айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр олгож байна.
“Утаа бууруулах чиглэлээр авч буй энэ арга хэмжээ үр дүнтэй байвал гэрт амьдарч буй айл өрхүүдийг бүрэн хамруулах бодлого баримтлана” хэмээн Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хэллээ. Нэг өрх айлын багц үнэ гурван сая төгрөг бөгөөд үүний 900 мянган төгрөгийг тухайн айлаас гаргаж, бусад төлбөрийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдэх юм.