СЭЛЭНГЭ: Үр тариа 80, хүнсний ногооны хураалт 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-09 18:04:55

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Намрын ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар үр тариа 80 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 70 хувьтай байна.

 

Тодруулбал, улаанбуудай 74,404 га талбайгаас 81,234 тн-ыг хураасан бөгөөд дундаж ургац 10.8 цн/га байна. Бусад үр тарианы тухайд 1,395 га-гаас 835.1 тн-ыг хурааж дундаж ургац 6 цн/га байна.

 

Мөн тосны ургамал 21,769 га-гаас 10,212 тн-ыг хурааж, дундаж ургац 4.7 цн/га,  төмс 1,193 га-гаас 17,128 тныг хурааж, дундаж ургац 143.7 цн/га байна.

 

Хүнсний ногоо 2,817.9 га-гаас 42,733.8 тн-ыг авч, дундаж ургац 151.6 цн/га байна.

 

Сэлэнгэ аймаг өнгөрсөн хавар 40,9 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөөд улаанбуудай 128,9 мянган га-д, бусад үр тариа 12,0 мянган га-д, тэжээлийн ургамал 30,5 мянган га-д, тосны ургамал 45,0 мянган га-д, төмс 3,1 мянган га-д, хүнсний ногоо 8,2 мянган га талбайд тус тус тариалсан.


Сэлэнгэ аймаг үр тариа, төмс, хүнсний ногооны 311,9 мянган га эргэлтийн талбайтай. Тус аймаг "Атар IV" аян, “Хүнсний хангамж, аюулгүй байдал", “Шинэ хөдөө төсөл”-ийг хэрэгжүүлж, аймгийн газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 9550 га-аар, усалгаатай тариалангийн талбайг 100 га-аар нэмэгдүүлж, 7425 га тариалангийн талбайг хашаажуулан, төмс хүнсний ногоог хадгалах механикжсан зоорийн багтаамжийг 2000 тн-оор нэмэгдүүлээд байна.  

 

 

関連ニュース