Стратегийн ашигт малтмалынхаа нөөцийг зөв удирдахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-10-09 13:25:58

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Нөөцийн өрсөлдөөн: Стратегийн ашигт малтмал ба улс төр” олон нийтийн лекцийг энэ сарын 8-нд зохион байгууллаа.

 

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нээлтийн үеэр хэлэхдээ, “Стратегийн ашигт малтмал нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн гол цөм төдийгүй манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, технологийн хөгжил, олон улс дахь байр суурьтай холбоотой асуудал юм. Тэдгээр нөөцийг хэрхэн удирдах, зохицуулах нь ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралтай салшгүй холбоотой. Энэ удаагийн хэлэлцүүлгээс шинэ санаа, хамтын ажиллагаа, бодлогын шинэлэг хандлага гарч, Монгол Улсын тогтвортой хөгжил болон хүртээмжтэй өсөлтийн зорилгод хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

 

“Данн энд Кратчер” хуулийн фирмийн партнер Борис Долгонос илтгэлдээ, “Газрын ховор элементийн тухай ярина гэдэг ирээдүйн технологийн тухай ярина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, газрын ховор элемент нь технологийн төдийгүй тухайн улс орны батлан ​​хамгаалахын салбартай шууд холбогдоно. Өнөөдөр БНХАУ газрын ховор элементийн 2/3 олборлож байгаа ч боловсруулалтын 90 хувийг гүйцэтгэж байна. Монгол Улс зэс, алт, газрын ховор элементээр баялаг орны тоонд ордог. Тухайлбал, Оюутолгойн орд нь дэлхийн хамгийн том зэс-алтны уурхайн нэгд зүй ёсоор орно. Танай улс уул уурхайн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг БНХАУ руу нийлүүлдэг. Энэ нь Монгол Улс нөөцөө удирдах тал дээр хязгаарлагдмал байдалтай байгааг харуулж байна. Иймд дэд бүтцээ хангалттай хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй” хэмээв.

 

Камбожийн Хаант Улс дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Стефан Ханселман мөн үеэр өгсөн яриандаа, “Сүүлийн жилүүдэд газрын ховор элементтэй холбоотой эрэлт нийлүүлэлт нэмэгдсэн. Тиймээс зарим орон газрын ховор элементийг экспортлох хориглох хүртэл шийдвэрийг гаргаад байна. Монгол Улс нь ашигт малтмалаар баялаг. Тиймээс дэлхий нийтэд өрнөж байгаа энэ үйл явцаас хамаарч Монгол Улсыг анхаарч, ач холбогдол өгөх нь зайлшгүй юм. Газрын ховор элементийн асуудал нь өнөөдөр гэнэтхэн урган гарч ирсэн юм биш. Арав гаруй жилийн өмнөөс ярьсан асуудал. Энэ удаагийн лекц уг сэдвийн ач холбогдлыг оролцогчдод дахинтаа ойлгуулах, илүү өөр өнцгөөс харуулах тал дээр хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэлээ.

 

Борис Долгонос нь уул уурхай, хөрөнгө оруулалт болон санхүүжилт босгох IPO, өндөр өгөөж бүхий хөрөнгө оруулалтын зэрэглэлтэй үнэт цаас гаргах, зээлийн хэлцэл, хил дамнасан үнэт цаасны арилжаа, хаалттай хэлбэрийн үнэт цаас гаргах, хувьчлалын чиглэлээр зөвлөгөө өгдөг. Тэрбээр Хойд ба Өмнөд Америк, Ази, Европ, Африкийн улс орнуудад төр, хувийн хэвшлийн корпорац, хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгч, томоохон хэлцлүүдэд ажиллаж байсан аж.





関連ニュース