Шаргал, Улбар Шар, Бор

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ooluun@montsame.gov.mn
2025-10-09 12:37:37

-Улаанбаатар-Ханбогд аян замын тэмдэглэл-


Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/.  Зах нь үл харагдах шаргал тал, хаа нэгтээ бэлчих адуу, тэмээ, уудамд дүнхийх гэр, элсэн манхан, бяцхан нуур, цөөрөм, таанын үнэр. Говио санах монгол хүний эсвэл Монголын говьд зочилсон нэгний ой тойнд буух зураглал нэг иймэрхүү байх.


Саяхан би говь явлаа, өмнийн говь уруу. Улаанбаатараас гараад нэлээн давхибал цонхны цаадах өнгө зураглал шар, шаргал, бор, хэсэг бусаг ногоон, алсдаа цэнхэртэнэ. Хажуухантай эсвэл зайдуухан адуу, үхэр, хонь ямаа, тэмээ сүргээрээ хааяахан бэлчиж харагдана.


Замын хажуугаар өнгө өнгийн зүйлс. Гэхдээ тэр зүйлс байгалийн өнгийг гутаан, дотор бачууруулах аж. Шил, лааз, цаас... Ямар удаан үргэлжилнэ вэ.


Засмал замыг засаж буй учир автобус шороон зам руу орлоо. Гэм нь жаахан тоос босдгоос говь хээрийн шороон зам энхэл донхол бага. Шороон зам жирэлзсээр. Замын хажуугаар хог хөглөрөхгүй болсонд сэтгэл уужирна. Жигдхэн үргэлжилж байсан шаргал бор тал намгархаг газар мэт бутлаг довцгуудаар солигдоно.


Засмал замдаа эргэн орж, автобус жирийсээр. Хар замаар довтолгож байгаа хэр нь хэдхэн алхмын цаана зам тавьж буй дүр зураг: овоолон өндөрлөсөн шороо, үер усны хоолой, машин механизм.


Хажуугаар чих шунгануулан том машинууд хаа нэг өнгөрнө. Эсрэг талын цонхоор харвал замын нөгөө талд хажуухантай сааралтах шороон зам, цаана нь бас дахиад шороон зам, бүүр тэртээ тоос манарган явах машин. Замаас холгүй шороо тоосонд даруулсан навсгархан гэр, төмөр сууц, ойр тойронд нь хэсэг бусаг харласан газар.


Тэртээ цаана хавь ойр нь харанхуйлан манарах нь уурхай байхаас гарцаагүй. Цахилгааны нарийн шонгууд ойр ойрхон байрлуулсан олон салаа том төмөр баганууд болон алс сүлжилдэн харагдах нь том уурхайд дөхсөний тэмдэг. Уртаас урт хоёр чингэлэг бүхий том ачааны машин зөрөн өнгөрөх автобусыг хийсгэчих вий гэмээр доргиулан өнгөрнө.


Сунайсан том машин аахилан уухилан бээцийхгүй ч жижиг автобусны хувьд араас нь даган мөшгөнө гэвэл зам хороож дуусахгүй тул өөдөөс ирэх жижиг машиныг өнгөрөөгөөд, цаанаас дөтлөх аваргыг ойртохоос урьтан урт аваргыг гүйцэж түрүүлэн амь өрсөхөөс аргагүй.


Ийм аваргууд улам олшрон хажуунаас ч хийсгэчих гээд, урд ч зам таглах нь нүүрс тээврийн замд орсныг, бас зорьж буй замынхаа талаас илүүг нугалсаныг илтгэнэ.


Хэдий өглөө эрт хүлгийн жолоо залсан ч чамгүй хол зам туулсан тул хэдийн харуй бүрий алсарч, шөнө нөмрөн айсуй. Амар мэнд нүүрс тээврийн замыг орхиж, айх айдасгүйгээр амгалан шөнөтэй уралдан давхина.


Автобусны гэрэлд тусах зам хөтөлсөөр том суурин газар гээчийг тодотгодог үйл олон гэрэл анивалзан Ханбогд угтлаа.

Ханбогдын намар шаргал, улбар шар, бор аж. Ганц хоёроороо, хааяа сүргээрээ таарах хүрэн улаан тэмээд шаргал, улбар шар говь талд өнгө нэмнэ. Бас хадархаг бор уул толгод алсад бараантана. Алтран шаргалтах говьд ганц гэр цайран харагдах ой тойнд сийлэгдсэн говийн тэр дүр төрх сумын ойр хавь байтугай, сумаас хэдэн арван км-т үгүй аж. 


Нэгэн цагт нийтлэг байсан үзэмжит тэр дүр зургийг зэгэл саарал дүр төрх эзлэхээр мяраан буй нь гачлантай. Нэрийг нь андахгүй болсон Цагаан хадны орчин. Энд ч тэнд ч таарах овоолсон шороон далан, суваг шуудуу, толгод онгичих машин механизм, нааш цааш давхих чингэлэг ачсан машинууд... хавь ойрыг зэгэл саарал, бараан өнгөөр будна.


Энэ зөвхөн гадаад үзэмж төдий бус. Эмзэгхэн говь минь дотроосоо хэчнээн хоосорч, бохирдож, туйлдаж байгаа бол. Говийнхоо аагим халуун, хуй салхи, хуурайд зохицон мод болчихдог өвс ургамал, ус эрэн хэдэн зуун км туулж хэдэн арван хоногоор усгүй явчихдаг тэмээ, хулан....минь тэсэн гарахаар тэмцэж л байх мэт.


Шаргалхан говь минь шаргал, улбар шар, бор.... 

関連ニュース