Бангкокт зам нурсны улмаас том нүх үүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 25 /AP/. Лхагва гарагт Тайландын нийслэл Бангкок хотын замын хэсэг нурж том нүх үүссэний улмаас замын хөдөлгөөн саатаж, дэд бүтэц эвдэрч сүйдэж, ойр орчмын хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Бангкок хотын захирагч Чадчарт Ситтипунтийн мэдээлснээр, зам нурах үеэр хүний амь эрсдээгүй боловч гурван тээврийн хэрэгсэл эвдэрч сүйдсэн байна. Газар доогуурх галт тэрэгний буудлын барилгын ажлын улмаас зам нурсан гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж.
Зам нурах үеийн дүрс бичлэгээс үзэхэд, замын гадаргуу аажмаар доош нурж, цахилгааны хэд хэдэн шон булгарч, ус дамжуулах хоолойнууд эвдэрч байгаа нь харагдана. Улмаар нүх томорч, дөрвөн эгнээтэй зам бүхэлдээ тасрахад машинууд ухрах гэж оролдож байв. Нүхний нэг ирмэг цагдаагийн газрын барилга хүрч, газар доорх суурийг нь ил гаргасан байна.
Цагдаагийн газар болон бусад барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Ойролцоох эмнэлгийн барилгын бүтцэд нөлөөлөөгүй гэж Бангкок хотын албаны хүмүүс мэдээлсэн боловч уг эмнэлэг амбулаторийн тусламж үйлчилгээгээ хоёр өдрийн турш түр зогсооно гэж мэдэгдсэн байна.
Эрх баригчид аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс тухайн бүсийн цахилгаан, усыг тасалжээ. Ч.Ситтипунтын хэлснээр, ширүүн бороо цаашид нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй тул холбогдох албаныхан нүхийг аль болох хурдан засахаар ажиллаж байгаа ажээ. Бангкокт борооны улирал ихэвчлэн 5-10 дугаар сар хүртэл үргэлжилдэг.