ТӨВ: Хүннүгийн үед хамаарах Бүрхийн дөрвөлжин хэмээх газар Мөнгөнморьт суманд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-23 17:26:08

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Мөнгөнморьт суманд НТӨ II зууны төгсгөл- НТ II зууны эхний хагаст хамаарах Хүннүгийн үеийн Бүрхийн дөрвөлжин хэмээх хот суурины дурсгалт газар бий.


Зүүн Бүрхийн голын баруун хөвөөн дээр орших хүрээлсэн дөрвөлжин 180х180м хэмжээтэй хэрэм, дотор талд нь 30х18м, 29х28м хэмжээтэй хоёр барилгын оромтой. Хэрмийн үлдэгдэл бараг мэдэгдэхгүй болсон ба зүүн хэсэг нь Бүрхийн голд идэгдэж үгүй болжээ.


Дурсгалт газрын тухай нутгийн иргэд “Хэцүү бөө удган хоёрын суусан газар Хараалчийн хэрэм” хэмээн хэлэлцдэг. Бүрхийн дөрвөлжин газрын дэргэд гадас шаах, дээгүүр нь гарахыг цээрлэдэг бөгөөд тэнд бөө, удган хоёрыг оршуулсан гэх домогтой.


Уг дурсгалд археологич, түүхч Х.Пэрлээ 1952 онд 5 газарт жижиг сорил малтлага хийж, дээврийн ваар, садармал хээтэй дөрвөлжин тоосго олдсон нь Гуа дов, Тэрэлжийн дөрвөлжинтэй нэг цаг үеийнх болохыг тогтоосон байна.


Монгол улсын Засгийн газрын 1994, 1995, 2008, 2020 оны 233, 235, 175, 13 дугаар тогтоолоор хамгаалалтад авчээ. 






関連ニュース