Үнэт цаасны зах зээлийн арилжаа өнгөрсөн оныхоос багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-23 10:48:03

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний 8 сард 595.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 297.4 (33.3 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Үнэт цаасны нийт гүйлгээний 41.5 (247 тэрбум төгрөг) хувь нь анхдагч, 58.5 (348.5 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны гүйлгээний 42.5 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 21.6 хувийг компанийн хувьцаа, 21.0 хувийг компанийн бонд, 14.2 хувийг Засгийн газрын бонд, 0.8 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэлж байгаа юма.  Үнэт цаасны гүйлгээ энэ оны наймдугаар сард 76.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 19.3 (33.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх сарынхаас 11.6 (13.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.


ТОП-20 дундаж индекс өнгөрсөн сард 48814.3 нэгж болж, өмнөх оны мөн үеийнхээс 160.4, өмнөх сарынхаас 591.4 нэгжээр буурсан байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны наймдугаар сард 12.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 35.5 (0.3 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, харин өмнөх сарынхааас 62.3 (0.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

関連ニュース