С.Такаичи ЛАН-ын даргын сонгуульд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 20 /NHK/. Японы Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Санаэ Такаичи эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр намын даргын сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөх гэж буй нь энэ юм.
Баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр С.Такаичи
хэлэхдээ, Японд нүүрлэж буй томоохон хямралыг даван туулахын тулд амьдрал,
ирээдүйдээ санаа зовниж буй хүмүүсийн түгшүүр зовнилыг мөрөөдөл, итгэл найдвар
болгон хувиргах улс төр хэрэгтэй байна гэлээ.
Тэрбээр Японы дипломат харилцаа, батлан хамгаалах, эдийн
засаг, мэдээлэл, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодолтой байгаагаа онцлоод,
хямралын үеийн удирдлагын
хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт зэрэг гол
бодлогуудынхаа жагсаалтыг танилцуулжээ. Мөн батлан хамгаалах, дипломат
чадавхийг дээшлүүлэх, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх
зэргийг дурдсан байна.
Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний тухайд, С.Такаичи хүмүүсийн орлогын түвшнээс хамааран бэлэн мөнгө тараах эсвэл орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх тогтолцоог боловсруулж эхэлнэ гэж хэлжээ. Тэрбээр мөн шатахууны татварыг тэглэж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын босгыг нэмэгдүүлэхийг уриалж байна. Мөн эдийн засгийн аюулгүй байдлыг сайжруулах үүднээс С.Такаичи гадаадын хөрөнгө оруулалтын төслүүдийг шалгадаг ажлын хэсэг, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг хянах газар байгуулахыг зорьж байгаа ажээ.
ЛАН-ын даргын сонгуулийн сурталчилгаа ирэх даваа гарагт эхлэх
бөгөөд ирэх 10 дугаар сарын 4-нд шинэ даргыг сонгоно.