Бага тойруу хэсгийн хот байгуулалтыг зохион байгуулах тухай тогтоолын төслийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Үүнд 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр
Улаанбаатар хотын эдэлбэр газрыг 44937 га талбайтайгаар төлөвлөснөөс 24 хувийг
хэвээр хадгалж шинэчлэх, мөн хотын түүхэн дурсгалт байгууламжийг хамгаалж,
сэргээх тухай тусгажээ. Их тойруу, Бага тойрууг гэр хэлбэрийн модон дуганын
уламжлалт төлөвлөлттэй хадгалах, түүхэн дурсгалуудад хамгаалалтын зэрэг
тогтоох, архитектурын 177 чуулгыг хамгаалалтад авах юм. Тодруулбал, Бага
тойруугийн архитектурын чуулга 33.7 га, Сүхбаатарын талбайн архитектурын чуулга
20.4 га, Гандан орчмын архитектурын чуулга 68.5 га, Барилгачдын талбайн
архитектурын чуулга 20.4 га, Тусгаар тогтнолын архитектурын чуулга 4.6 га
байна.
Хуралдааны үеэр нийслэлийн Ерөнхий архитектур Ч.Төгсдэлгэр
Бага тойруу хэсгийн хот байгуулалтын талаар танилцуулахдаа, “Энэ оны байдлаар
улс, нийслэлийн хамгаалалтад 48 барилга байна. Улаанбаатар хотын 2040 он
хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дурсгалт 130 барилгыг хамгаалалтад авах
шаардлагатай гэсэн. Ерөнхий төлөвлөгөөг УИХ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр
бэлтгэж байна. Бага тойруу хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн
зориулалттай, 2969 өрхийн 72 орон сууц бий. Эдгээрээс хүчитгэх боломжтойг нь
судалж, шаардлага хангахгүйг нь дахин төлөвлөхдөө давхрын өндрийг нь нэмэлгүй,
анхны архитектурын хэв шинжийг нь алдагдуулалгүй, фасадыг нь өмнөхтэй адилаар
төлөвлөн, хуучин өнгө төрхийг нь хадгална. Ногоон байгууламж цэцэрлэг,
сургуулийг нэмснээр оршин суугчдын амьдралын чанар дээшилнэ” гэлээ.