Оманы Султант Улстай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-06 09:14:20

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад АльМуршиди-г энэ сарын 4-нд хүлээн авч уулзсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. 


Уулзалтын үеэр талууд Монгол, Оманы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг дурдаж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.


Сайд Б.Батцэцэг энэ оны 2 дугаар сард Гадаад харилцааны сайдын хувиар Оманы Султант Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүн гарч Оманы хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлан холбогдох яамд, газруудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Гадаад харилцааны яамнаас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.


Ерөнхийлөгч Абдулсалам АльМуршиди айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудтай хийсэн уулзалт нь үр дүнтэй болж, хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрийн талаар тодорхой мэдээллийг авснаа тэмдэглээд ойрын хугацаанд анхны жишиг төслийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Талууд цаашид хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулах зорилгоор хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг судалж, холбогдох байгууллагуудын түвшинд хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцлоо.



関連ニュース