Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-31 17:11:56

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн VI  бага хуралд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Сиа Киан Пенгтэй албан ёсны уулзалт хийсэн талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Сингапур Улсын туршлага, хамтын ажиллагаанд үндэслэн Монгол Улсын онцлогт тохирсон хуримтлалын нэгдсэн сан байгуулах, нийтийн орон сууцжуулалтын чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаагаа онцлов. Мөн Монгол Улс АСЕАН болон түүний салбар байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлзэж буйгаа дурдаж, энэ хүрээнд Зүүн Азийн дээд түвшний уулзалтын гишүүн болоход Сингапур Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.


Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Сиа Киан Пенг Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” хэлэлцүүлэгт хэлсэн үгийг онцолж, талархал дэвшүүллээ. Тэрбээр, хоёр орны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэж, Сингапур Улс хүний нөөцийг чадавхжуулах, сонирхсон бусад асуудлаар туршлага хуваалцах, хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.


Ташрамд дурдахад, энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна.

関連ニュース