Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн Монгол Улсын үүрэг амлалтыг дахин нотлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-27 12:01:35

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилга дор зохион байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт энэ сарын 24-нд болов.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл уулзалтад оролцож хэлсэн үгэндээ, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн  Монгол Улсын үүрэг амлалтыг дахин нотолж, 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулах, цаашид энэ зорилтоо 50-иас дээш хувьд хүргэхээр зорьж байгаагаа танилцууллаа.

 

Тэрбээр 2026 онд Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлж, бага хурлын үеэр Монгол Улсаас мэдлэг, хөрөнгө оруулалт болон технологийн шийдлүүдийг нэгтгэсэн “Бэлчээрийн шүхэр” санаачилгыг дэвшүүлэхээр ажиллаж байгааг цохон дурдсан юм.

 

Тус уулзалтын үеэр дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулах Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрээ ахиулах III ээлжийн амлалт авахын зэрэгцээ олон улсын сайн туршлага, шинэлэг санаачилгын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцов.


関連ニュース