AstraZeneca компани АНУ-д 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 22 /AFP/. АНУ-д 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Их Британийн эмийн томоохон компани болох “AstraZeneca” өнөөдөр мэдэгджээ. Вашингтоны зүгээс гаалийн татвараа нэмэгдүүлэх хугацаа ойртож буй үед энэ мэдэгдлийг хийж байна.
Компанийн мэдэгдэлд дурдсанаар, хөрөнгийн ихэнх хэсгийг Виржиниа муж улсад хэдэн тэрбум ам.долларын өртөг бүхий үйлдвэрлэлийн төв байгуулахад зарцуулах бөгөөд 2030 он гэхэд орлогынхоо 50 хувийг АНУ-аас бүрдүүлнэ гэж тооцож байгаа ажээ.
Гүйцэтгэх захирал Паскал Сориот хэлэхдээ, өнөөдрийн мэдэгдэл нь Америкийн эмийн салбарын инновацад итгэх бидний итгэлийг батлан харуулж байна гэв. Худалдааны түншүүдийг импортын татвараас чөлөөлөх шийдвэрээс өнөөг хүртэл ашиг хүртэж ирсэн эмийн бүтээгдэхүүнд чиглэсэн татварыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногдуулж болзошгүй байгаа юм. Тэрбээр эмийн импортод шалгалт хийхийг үүрэг болгоод байгаа ба татвар 200 хувьд хүрч нэмэгдэж магадгүй байна.
АНУ бол эмийн үйлдвэрлэлийн гол зах зээл бөгөөд “AstraZeneca” компани Европын үйлдвэрлэлийнхээ тодорхой хэсгийг АНУ руу шилжүүлж
эхэлснээ дөрөвдүгээр сард хэдийн
зарласан юм. АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник мэдэгдэхдээ, олон арван жилийн
турш эмийн гол бүтээгдэхүүнүүдийг гадаадаас нийлүүлж байна гээд, шинэ тариф нь “бүтцийн энэ сул талыг арилгахад” чиглэж байна хэмээн нэмж хэлжээ.
“AstraZeneca”-гийн мэдэгдэлд Виржиниа дахь шинэ үйлдвэр багтсан бөгөөд энэ нь компанийн “нэг үйлдвэрлэлд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт” болох юм. Гучин жилийн турш татвараас чөлөөлөгдөж ирсэн бусад томоохон эмийн компаниуд мөн сүүлийн саруудад хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлж эхэлжээ.