Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-05 10:57:25

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дахь удаагийн бага хурал "Шангри-Ла" зочид буудалд болж байна.


Олон улсын прокуроруудын холбоо, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар хамтран зохион байгуулж буй тус хуралд 25 орны 100 орчим төлөөлөгч оролцож байна. “Прокурорын үүрэг, оролцооны хувьсал: Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвийн дор болж буй хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.


Тэрбээр “Цахим орчин, кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын хил хязгаараас үл хамаарч прокурорын байгууллагуудын өмнө урьд хожид байгаагүй шинэ сорилт бий болгож байна. Иймээс хамтын хүчин чармайлт, цогц шийдэл, харилцан уялдаатай бодлого чухал юм. Прокурорын байгууллагууд цаашид хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс ардчилал, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлсийг тууштай хамгаалж, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бататгах, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын гэрээ, конвенцыг нэг мөр хэрэгжүүлэх, улс орны сайн жишгийг нутагшуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа” хэмээжээ.  


Бага хурлаар “Олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсал, чиг хандлага”, “Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Технологийн дэвшил, инновацыг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь”, “Хүн худалдаалах гэмт хэрэг: Бүс нутгийн чиг хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа” сэдвийг хэлэлцэх юм.


1995 онд байгуулагдсан Олон улсын прокуроруудын холбоо нь дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн байгууллага бөгөөд 177 орны 183 гишүүн байгууллага, 1900 орчим бие даасан гишүүнтэй ажээ. 







関連ニュース