АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг Иллиной мужийн парламентад үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-23 09:28:26

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг Иллиной мужийн Ерөнхий Ассамблейн Төлөөлөгчдийн танхимын дарга Эмануэл Крис Вэлчийн урилгаар Спринфиелд дэх мужийн парламентын ордонд энэ сарын 20-нд зочилж, Төлөөлөгчдийн танхимд үг хэлэв. 

 

Консул Т.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй иргэддээ консулын үйлчилгээг шуурхай хүргэх, Монгол, АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буй бодлогын хүрээнд Чикаго хотод Консулын газар нээснийг тэмдэглэв. Мөн тэрбээр Консулын газраас Иллиной мужийн байгууллагууд болон монгол иргэдийн үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой амжилтад хүрч буйг онцоллоо. Түүнчлэн Иллиной мужийн Ерөнхий Ассамблей болон Засгийн газраас Чикаго хот орчим дахь монгол гаралтай иргэдэд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ерөнхий Ассамблейгаас үргэлжлүүлэн анхаарч, Консулын газартай идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. 

 

Мөн Консул Т.Батцэцэг Иллиной мужийн Төлөөлөгчдийн танхимын дарга Эмануэл Крис Вэлч, Төлөөлөгчдийн танхим дахь Цөөнхийн бүлгийн дарга Тони МакКомби, Сенат болон Төлөөлөгчдийн танхимын зарим гишүүнтэй уулзалт хийв гэж ГХЯ-наас мэдээллээ.


 

関連ニュース