АРХАНГАЙ: Хойд, Урд тамирын гол маш зөөлөн устай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторид Өлзийт сумын Орхон гол, Булган сумын Урд тамирын гол, Ихтамир сумын Хойд тамирын гол, Тариат сумын Суман, Гичгэнэ голууд, Чулуут, Өндөр–Улаан сумдын Чулуут голын усны чанарын хяналт шинжилгээг хийдэг.
Дээрх голуудын 1-2 цэгт жилд 5-12 удаа сорьц авч, хяналт шинжилгээ хийж, химийн найрлага, усны чанарыг тодорхойлсон шинжилгээний дүнд хяналт, дүн шинжилгээ хийдэг байна.
Усны химийн үзүүлэлтүүд нь усны чанарт үнэлгээ өгч, бохирдлын зэргийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог. Усны чанарын химийн үнэлгээг өгснөөр тухайн усыг хүн амын ундны усанд хэрэглэж болох эсэхийг шийдэх боломжтой юм.
Усны чанарыг үнэлэхдээ голын усыг Усан орчны чанарын үзүүлэлт MNS 4586:98 стандарттай харьцуулж гаргадаг. Харьцуулсан дүнгээр голууд хэвийн, хүн амын ундны усны хэрэглээнд хэрэглэж болно гэж гарсан байна.
Гадаргын усны шинжилгээг 2020-2024 он буюу сүүлийн таван жилээр гаргасан байна. Хатуулаг, эрдэсжилтийг дор дурдъя.
Урд тамир, Хойд тамир, Суман, Гичгэнэ, Чулуут, Орхон голын усны ерөнхий хатуулаг нь 0.71-1.40 мг∙экв/л буюу маш зөөлөн ус ангилалд орж байна.
Харин эрдэсжилтийн агууламж нь 82.6-96.7мг/л буюу маш бага эрдэсжилттэй, Суман, Гичгэнэ, Чулуут, Орхон гол усны эрдэсжилт 106.2-193.1 мг/л буюу бага эрдэсжилттэй ангилалд оржээ.
Мөн Урд тамир, Хойд тамир голын усны рН-ийн агууламж нь 7.62-7.67 сул хүчиллэгээс саармаг, Суман, Гичгэнэ, Чулуут, Орхон голын усны орчин 7.67-8.31 саармагаас сул шүлтлэг ангилалд орсон байна.
Урд тамирын голын биохимийн хүчилтөрөгчийн агууламж 4, 5, 7, 8 дугаар сарууд буюу хаврын цагт цөн түрэх болон үерийн усны үед стандартаас давж байгаа нь ажиглагджээ.
Энэхүү ажлыг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/02 тоот тушаалаар батлагдсан “Цаг уур, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн дагуу хийдэг байна.