СҮХБААТАР: Шилдэг эмчийг таван сая төгрөгөөр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-01 15:48:56

Баруун-Урт 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан шилдэг эмч, эмнэлгийн гурван ажилтныг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.


 

Лавлагаа шатлалын эмнэлгийн шилдэг эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч Цэгмэдийн Санчир, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын шилдэг эмчээр Түмэнцогт сумын ЭМТ-ийн дарга, хүний их эмч Арсланбаатарын Майцэцэг, шилдэг сувилагч, тусгай мэргэжилтнээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны төвийн сувилагч Сүхбаатарын Ариунцэцэг шалгарчээ. Шилдэг эмч нарыг тус бүр таван сая, тусгай мэргэжилтнийг гурван сая төгрөгөөр шагнажээ.


Аймгийн Засаг даргын санаачилгаар эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор "Засаг даргын нэрэмжит шагнал"-ыг 2021 оноос эхлэн олгож байна.


 

Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг салбарын болон төрийн дээд шагнал одонгоор шагнуулсныг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулж өгсөн юм.


Тус аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 19 байгууллагад нийт 839 хүн ажиллаж байгаагаас 153 нь их эмч, 236 нь сувилагч үлдсэн нь удирдах албан тушаалтан болон тусгай мэргэжилтнүүд байна.  

関連ニュース