Гадаах 39 хэмийн хүйтэнд орон сууцыг 135 хэмийн дулаантай усаар хангах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-18 16:04:14

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарын зөвлөх инженер Д.Самдан, А.Бямбадорж, дулааны хангамжийн судлаач мэргэжилтэн А.Туваандорж нар төвлөрсөн дулааны хангамжид тохиолдож болох бэрхшээл, эрсдэлийн талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийв.


Жил бүрийн өвлийн оргил ачааллын үед төвлөрсөн дулаан хангамжийн системд дулааны эх үүсвэр дутагдалтай байсаар байгааг тэд хэлж, нөөц байдлаар дизель станцуудыг ажиллуулах талаар саналаа хэллээ. Эхний ээлжинд аваар ослоос сэргийлж барилгуудын холигч насосны узелиудыг цахилгаанаар хангах 2-3 талын тэжээл, онцгой объектуудад түлш шатахууныг нөөцлөх хэрэгтэй байна гэв.  


Нийслэл хотод жил тутам 150-200 орчим барилга ашиглалтад орж, дулааны хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Тухайлбал, Улаанбаатарт байгаа орон сууцны 1600 хотхонд өвлийн оргил цагт цахилгаан, дулаан нөөцлөх, аваарын байдлаар дизелийн станцуудыг ажиллуулах  нөөц боломжоо ашиглах саналыг хэлж байлаа.


Зөвлөх инженер Д.Самдан:

-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн гаднах агаарын тооцоот хэм хасах 39 градуст хүрэхэд цельсийн 135 хэмтэй усаар дулаан түгээх ёстой байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар нийслэлд дээрх стандартаар авч үзэхэд дулааны нийлүүлэлтийн усыг 125 хэмээс дээш халаах боломжгүй байдалтай байна. Ийм нөхцөлд орон сууцны өрөө тасалгааны температур нэмэх 10-аас хасах 12 хэмд өвөлжих магадлалтай байна гэв. Тэрбээр, манай улсад 1998-2008 онд АХБ-ны санхүүжилтээр “Дулааны хэмнэлт болон үр ашиг төслийг хэрэгжүүлсэн. Нийслэлийн дулааны станцууд хуучин ЗХУ-ын зураг төслөөр 150:170 горимоор угсарсан. Дээрх төслийг хэрэгжүүлэхдээ 135:65 болон хоёрдугаар хэсгийг нь 95:65 гэсэн горим руу шилжүүлсэн. Гэтэл хоёрдугаар хэсгийн сүлжээний нэвтрэх чадвар муудаж, нэг хэсэг дулааны шугамыг өргөтгөх ажил хийсэн ч шугам их зэвэрсэн. Төслөөр хэрэгжүүлсэн дулааны цогц төхөөрөмж дээр даралт тэлэлт, ус цэвэрлэгээний төхөөрөмж ажиллагаагүй болсон гэдгийг хэлж байв.   

Эрчим хүчний зөвлөхүүд салбарын мэргэжилтнүүдийн нэгэн адил цахилгаан, дулааныг нөөцлөхтэй санал нэг байгаагаа илэрхийлж байлаа. Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, барьж байгуулж буй нар, салхины зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нөөц, хуримтлуурын хамт бий болгох шаардлага тулгарч буй талаар тодруулахад, судлаач А.Туваандорж:

-Сэргээгдэх эрчим хүчийг хязгаарлагдмал болон хязгаарлагдмал бус гэсэн байдлаар ангилдаг. Нар, салхины станцууд нь эх үүсвэр зогсох үед найдвартай ажиллагааг хангах боломжгүй байдаг тул энд нөөцлөх, хуримтлуулах явдал зайлшгүй хэрэгтэй гэв. Тэрбээр, сүүлийн жилүүдэд хүчтэй салхи, түйрэнг ашиглан эрчим хүч, дулаан гаргах талаар судалж байгаагаа хэлсэн. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний  хязгаарлагдмал эх үүсвэр ордог гэж байлаа.

関連ニュース