Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн бэлтгэл ажлыг хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-07 16:15:33

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан Дэлхийн банкны Ус хангамж, ариутгах татуургын ахлах мэргэжилтэн, төслийн ахлагч Жэймс Тэй тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Энэхүү уулзалтыг Улаанбаатар хотод тулгамдаж буй үер, усны асуудлыг шийдвэрлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн багтай хамтран хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд зохион байгуулав.


Дэлхийн банкнаас 1.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Одоогоор ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Цаашид буцалтгүй тусламжийн хүрээнд төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах болон төслийн бэлтгэл ажлыг хангах ажлыг хийх талаар талууд харилцан санал солилцлоо.


Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах тус төсөл нийтийн аж ахуйн бүтээн байгуулалтыг болзошгүй эрсдэлээс хамгаалж, эдийн засгийн хор хохирлоос урьдчилан сэргийлэх болон бохир усны шугам хоолойн ашиглалтын хугацааг уртасгах, дэд бүтцийн чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой  юм.





関連ニュース