Ч.Хүрэлбаатар: ТХЗ-ыг дунд хугацааны зорилттойгоо уялдуулсан тул хэрэгжих нь дамжиггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-07 17:19:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын (ТХЗ) хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ энэ сарын 18-19-нд Нью-Йорк хотноо зохион байгуулах НҮБ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулахаар бэлтгэж байна.


Монгол Улс сайн дурын эхний илтгэлээ 2019 онд танилцуулсан бол үндэсний 2 дахь илтгэлээ өнгөрсөн 7 дугаар сард НҮБ-ын чуулганд танилцуулахад ТХЗ-ын 17 үзүүлэлтээс 15 нь ахицтай, харин нэгдүгээр зорилго буюу ядуурлыг бууруулах нь ухарсан үзүүлэлттэй байсан тул тодорхой үүрэг чиглэл, амлалт авсан билээ. Иймд Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганаар үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлд өгсөн зөвлөмжүүдэд суурилан гаргасан ТХЗ-ын үндэсний үүрэг амлалт, хурдасгуур буюу тэргүүлэх чиглэлийг танилцуулав.  


Засгийн газар ТХЗ-ын суурь нөхцөл эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байгааг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ дурдаад, “Монгол Улсын эдийн засаг цар тахал болон олон улсын геополитикийн нөлөөнөөс үүдэн 4.6 хувиар агшаад байсан ч сүүлийн 5 улирал дараалан өсөж, 6.4 хувьд хүрсэн. Өнгөрсөн оны 6 дугаар сард 16.9 хувьд хүрээд байсан инфляц өнгөрсөн долоодугаар сард 9.2 хувьд хүрсэн. Гэсэн ч ТХЗ-ын хэрэгжилт удаашралтай байгаа”-г онцлов. “Цаашид экспортыг нэмэх, хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах, уул уурхайн салбарыг дагасан тээврийн өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ. Монгол Улс “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт, дунд хугацааны зорилтдоо ч  ТХЗ-ыг бүрэн уялдуулсан тул цаашид хэрэгжих нь дамжиггүй. ТХЗ-ын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд олон талын оролцоог ханган илтгэлээ бэлэн болгоод байна” хэмээсэн юм.


Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Ерөнхийлөгчийн илтгээлтийг танилцууллаа. Тус илгээлтэд, “Монгол Улс ТХЗ-ыг хангахын тулд “Эрүүл Монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг санаачлан төр, хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлж байгаа. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитикийн нөхцөл байдал нь хүмүүсийн амьдралд буюу ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа ч санхүүгийн механизмаа эрс сайжруулахад анхаарч байна. ТХЗ-ын 2030 хөтөлбөр хэрэгжих хугацаа талаасаа өнгөрсөн ч 50 хувийнх нь хэрэгжилт сул, 30 хувийнх нь хэрэгжилт царцсан үзүүлэлттэй байна. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт, эрх зүйн орчноо сайжруулж, хяналт, тайлагналт, санхүүжилтээ дээшлүүлэх, удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлагатай байна. Мөн бүс нутаг, хот, хөдөөгийн ялгаатай байдлыг арилгах, нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд тэгш хүргэхийн төлөө ажиллаж байна. Иймд олон талын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгаас чухал” байгааг тэмдэглэжээ.


Монгол Улс ядуурлыг 2025 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 15 хувиар бууруулах зорилт тавиад байна. Үүний тулд Засгийн газраас ТХЗ-ын үндэсний үүрэг амлалт, хурдасгуурыг Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн дүгнэлт, зөвлөмж, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилго, зорилтуудтай уялдуулан 12 чиглэлээр тодорхойлсныг ЭЗХЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан танилцуулав.


Тодруулбал:

1.Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, зах зээлийн эргэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэх

2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах

3.Инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх

4.Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах

5.Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх

6.Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах

7.Нэмүү өртөг шингэсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх (хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр)

8.Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй ажлын байрыг нэмэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах

9.Жендерийн эрх тэгш байдлыг хангах

10.Үр дүнтэй засаглал, бодлогын уялдаа холбоог сайжруулах

11.Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих

12.Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх гэдгийг тус бүрээр нь тайлбарлав.


ЭЗХЯ-наас бэлдсэн энэхүү үндэсний үүрэг амлалтын төслийг залуус, орон нутаг, эмэгтэйчүүд, эрдэм шинжилгээний байгууллага, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон уулзалтуудаас гаргасан санал санаачлагыг үндэслэн гаргасан юм. Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, бусад оролцогч талуудын төлөөлөл, тогтвортой хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээ болгохыг эрмэлзэж буй үндэсний компаниуд оролцож, санаачилга, туршлагуудаасаа хуваалцлаа.

 

 

                    Тапан Мишра: Ажлын байр бий болгосноор ядуурлыг бууруулах боломжтой


ТХЗ нь хэнийг ч хөгжлөөс хоцроохгүй байх зарчим баримталдаг. Монгол Улсын хувьд ядуурлыг бууруулах зорилго ухарсан үзүүлэлттэй байгаа тул Засгийн газрын манлайлал дор бүх нийтээрээ хүчин чармайх шаардлагатай. Монгол Улс урт хугацааны бодлогодоо ТХЗ-ыг тусгасан цөөн улсын нэг. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийнхээ зорилтоо биелүүлэхийн тулд 2030 онд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нь чухал байна. Ингэснээр Монгол Улс ТХЗ-доо хүрэх бүрэн боломжтой”-г НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганы үеэр тодотгон хэлж байлаа.


ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийн 50 гаруй хувь нь сул, 30 гаруй хувь нь зогсонги, ухарсан байгаа бол 15 хувь нь амжилттай хэрэгжжээ. Үүнд ядуурал, өлсгөлөн, цар тахал, олон улсын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. Гурван улс тутмын нэг нь өрийн дарамтыг давж чадахгүй байдалтай байна. Манай улсын хувьд 169 зорилтоос 146-г нь хөгжлийн 10 жилийн хөтөлбөртөө тусгаад байгаа. Удахгүй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх юм.


“ТХЗ олон хүнд боломж авчрах ёстой. ТХЗ бол геополитикийн хуваагдлыг арилган, эдийн засаг, итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг бий болгох бодлого юм. Ганцхан орон энэ үйл хэрэгт амжилт олохгүй бол бусад нь чирэгдэнэ. Цар тахлаас хойш Монгол Улсын эдийн засаг өсөх хандлагатай ч экспортын хараат байдал үргэлжилж байгаа тул эдийн засгаа олон төрөлжүүлэх шаардлагатай. Монгол Улс амлалтаа биелүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах цаг үе ирээд байгаа”-г Тапан Мишра онцоллоо.


Түүнээс, Монгол Улс ТХЗ-ын ядуурлыг бууруулах үзүүлэлтээр ухарч, тэр тусмаа орон нутаг болон залуусын дундах ядуурлын түвшин их байгаа судалгаа гарсан. Үүнийг дээшлүүлэхэд юунд анхаарах ёстойг лавлалаа. 

-Энэ асуудлыг шийдэхийн тулд хоёр зүйлд, тодруулбал, ажлын байр бий болгох, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд анхаарах ёстой. Залуус гэлтгүй эмэгтэйчүүд, нийгмийн бүх бүлгийн хүмүүс ажлын байртай болоход дэмждэг хэрэгтэй байна. Одоогоор зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ мөн ноолуураа ч ихэнх нь түүхийгээр экспортолдог. Энэ нөхцөл байдлыг өөрчилж, монголдоо эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарт ч илүүтэй нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлага бий. Учир нь 70 сая гаруй малтай, цөөн хүн амтай улс орон гадаадаас хуурай сүү импортолж байна. Иймээс хөдөө аж ахуйн салбараа орон нутагт хөгжүүлбэл асуудлыг шийдэж, эдийн засгийг хөгжүүлж болно. Үүгээрээ ажлын байр ч бий болгох бололцоотой. Хоёрдугаарт, орон нутгийн хөгжилд анхаарах шаардлагатай. Хүн амынх нь талаас илүү хувь нь нийслэлд төвлөрсөн энэ үед хөдөө орон нутагт ажлын байр бий болгож, амьдрах таатай орчин бүрдүүлбэл хот руу чиглэсэн нүүдлийг багасгах боломж байна. Ингэснээр орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулах нөхцөл бий болно. 

関連ニュース