Замын түгжрэлд гарц хайсаар
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн тухайд иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг асуудал бол яах аргагүй замын түгжрэл. Улаанбаатар хотын хувьд 2-3 цаг түгжрэх бол ердийн үзэгдэл. Харин ч сургууль амарснаар энэ асуудал түр намжаад байгаа. Гэтэл Ерөнхий боловсролын сургуулиудын амралтын хугацаа дуусч, дараачийн мөчлөг эхлэхэд ердөө 7 хоног үлдээд байна. Энэ хугацаанд хичээл сургууль амарсантай холбоотой өглөө болон оройн цагаар замын хөдөлгөөний ачаалал 30-40 хувь буурсан гэдэг албан ёсны үзүүлэлт гарчээ. Гэхдээ нийслэлийн бага тойруу, их тойруу хэсгээр замын хөдөлгөөний ачаалал буурсангүй. Энэ нь нийслэлийн автомашины тоо өндөр байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэлжээ. Одоо нийт өрхийн 55 хувь нь хувийн машинтай явж байна. 150 км гол шугаман замтай. Хотын замын урт 1300 км хүрэхгүй. Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 420-430 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна.
Замын түгжрэлийг
шийдэхийн тулд Төр, засгаас тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж, алхмууд
хийсээр байгааг үгүйсгэж болохгүй. Үүний нэг жишээ нь, 2021 оны
тавдугаар сарын 19-нд Засгийн газраас жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын
төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргасан
явдал юм. Үнэндээ хотын
замын сүлжээний даац 2011 оноос хэтэрч эхэлжээ. Харин өнөөдрийн байдлаар 2.5
дахин хэтрээд байгаа гэсэн үзүүлэлттэй байгаа. Жилд ойролцоогоор 80 мянган
автомашин шинээр замын хөдөлгөөнд оролцдог. Энэ үзүүлэлтээс харахад авто замын
ачаалал нэмэгдэхийн хэрээр тэг зогсолт болоход ойртож буй бөгөөд Олон улсын
байгууллагын тооцооллоор “архаг түгжрэл”, “бүтэн өдрийн түгжрэл” гэдэг нэр
томьёо шинээр хэрэглээнд нэвтрэх нөхцөл байдал үүсээд байна гэдгийг мэргэжлийн
хүмүүс хэдийнэ хэлж сануулаад эхэлсэн. Тиймээс маш дорвитой арга хэмжээ авч,
энэ асуудлыг шийдэх шаардлага тулгараад байгаа нь дэндүү үнэн. Үүнтэй холбоотойгоор
Монгол
Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний
хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг богино хугацаанд шийдэж болох
байсан бол тусгай үүргийн сайд гаргахгүй байсан. Түгжрэлийн эсрэг Засгийн
газар бүтцээрээ ажиллаж байсан удаатай” гэж хэлж байсан билээ. Тэрбээр түгжрэлийг
бууруулах ажлаа нийтийн тээврийн шинэчлэл, өөрчлөлтөөс эхэлж байгаа гэдгээ сэтгүүлчдэд
хэлж байсан бөгөөд цаашид түгжрэлийг бууруулах Нэгд,
захиргааны арга, Хоёрт, эдийн засгийн арга, Гуравт, түгжрэлийн
эсрэг хуультай болж түүндээ татвараар хандах гэсэн 3 үндсэн аргыг хэрэглэнэ гэж
мэдээлсэн нь ч бий.
Мөн “Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах суурь асуудал юм” гэдгийг ч тодотгосон. Ер нь бол нийслэл хотод 1432 автобус хэрэгтэй, 124 маршрут чиглэлээр ажиллах ёстой гэсэн тооцоог Нийслэлийн Нийтийн тээврийн газраас аль эрт гаргачихсан юм билээ.
Шинэ автобуснууд үйлдвэрийн хоёр жилийн баталгаатай
Өнгөрсөн онд 556 автобусны ашиглалтын хугацаа нь дуусч үйлчилгээнээс гарснаар автобус хүрэлцэхгүй болсон. Мөн маршрут чиглэл нь дутуу байгаагаас иргэд богино эргэлт хийгээч хэмээн шаардаад байгаа нь бодит зүйл. Нийтийн тээврийн хүртээмж муу, найдвартай ажиллагаа алдагдсан тул Засгийн газраас дэмжин төсөвт автобусны паркийг шинэчлэх хөрөнгийг суулгаж өгснөөр нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон. Он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхэлсэн бөгөөд дараагийн 30 автобусыг ч нийтийн үйлчилгээнд гаргасан. Гэрээний дагуу шинэ автобуснуудад үйлдвэрээс хоёр жил, 150 мянган км-ийн баталгаа өгч байгаа юм. Шинээр орж ирсэн автобусны техникийн үзүүлэлтийг танилцуулбал, 2022 онд үйлдвэрлэгдсэн, Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй, Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй нь туршилтаар нотлогдсон, заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй, нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай, тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулснаас гадна автомат гал унтраагчтай юм байна.
Шинэ автобуснуудад улсын дугаар, гэрчилгээ авах, мөн карт уншигч төхөөрөмж, байршил тогтоогчийг суурилуулаад энэ сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхлэх аж. Шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн хүлээгдлийн хугацаа дунджаар 4-8 минут байснаар иргэдийн зорчих эрэлтийг хангадаг. Гэвч одоо тээврийн хэрэгслийн хүртээмж, түгжрэл, төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа 15 минут орчим байдаг байна.
Шинэ автобус орж ирснээр шинэ чиглэлд үйлчилгээ үзүүлнэ
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зургаан чиглэлд тус бүр таван автобусыг тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үйлчилгээнд гаргаад байна. Шинээр ирсэн 117 автобусны 100 автобусанд чиглэлийн төлөвлөлт хийгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцлыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөжээ. Тухайлбал, шинэ автобуснууд “Чингэлтэй-Зүрх уул”, “Хайлааст-МУБИС”, “5 шар-Ботаник” зэрэг чиглэлд үйлчилгээнд явж эхлээд байна. Мөн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор 10 чиглэлд 44 автобус нэмж, богино эргэлтийн 19 чиглэлд 56 автобусыг хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөжээ. “Шинэ Яармаг” хороолол, Нисэхийн эцэс зэрэг шинээр бий болсон суурьшлын бүс болон “Туул гарден”, “Хан Хиллс” зэрэг хотхон руу нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор төлөвлөлт гаргасан байна. Богино эргэлтийн хувьд “Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб” гэх алсын чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог”, “Жанжин клуб-Кино үйлдвэр” гэх мэтчилэн хоёр хэсэг болгон хуваасан байна. Ингэснээр тухайн чиглэлүүд дэх эргэлтийн хурд нэмэгдэж, зорчигчийн хүлээгдлийн хугацаа буурна гэсэн тооцоо гаргажээ. Гэхдээ нийслэлийн нийтийн тээврийг сайжруулна гэдэг нь зөвхөн парк шинэчлэлт биш юм. Автобуснууд орж ирэхээр л түгжрэл буурах гээд байгаа юм биш. Энд нийтийн тээврийн зохион байгуулалт, үйлчилгээ, менежментийг дээшлүүлж шинэ түвшинд гаргах нь мөн зэрэгцэн тавих чухал асуудал юм.
Ажлын цагийн уян хатан системийг ашиглах бололцоо байгаа
Хотын хүн амын тоо эдүгээ 1.5 сая, нийт өрхийн тоо 414 мянга болж өссөн бол автомашины тоо 659,000 болжээ. Их, дээд сургуулийн 96 хувь, худалдаа үйлчилгээний газрын 80 гаруй хувь нь хотын төвд байрлаж байна. Хотын төвд өдөртөө гурван сая орчим зорчилт хөдөлгөөн явагддаг. Үүний 52 хувь нь ажил руугаа, 25 хувь нь хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явдаг гэсэн судалгаа гарчээ. Долоо хоногийн дараа сурагчдын амралт дуусч хичээл эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд замын түгжрэлийн асуудал сөхөгдөж, бухимдал нэмэгдэнэ гэх айдас хүн бүрт төрж байгаа болов уу. Тэгвэл энэ асуудал дээр ч гэсэн гарц гаргалгаа хайж болох юм. Тухайлбал, хүүхдээ хүргэж өгдөг ажилтнууддаа цагийн уян хатан системийг ашиглах бололцоо байгаа. Тухайн албан байгууллага дотоод журмаараа, олонхийн саналаар энэ асуудлыг шийдвэрлэж чадвал замын түгжрэлээс сэргийлэх нэг алхам болж чадна. Жишээлбэл, үндэсний мэдээллийн “МонЦаМэ” агентлаг ажилтнууддаа цагийн уян хатан системийг ашиглах бололцоог олгож эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Энэ нь ч үр дүнгээ өгч байгаа. Ийм жишгийг тогтооход буруутах зүйлгүй.
Өнгөрсөн хугацаанд дугаарын
хязгаарлалтыг хийснээр түгжрэлийг бууруулах алхам гэж харж байсан бол одоо илүү
өргөн боломжийг хайх шаардлагатай. Өнгөрсөн ес, аравдугаар сард дугаарын
хязгаарлалтын дараа түгжрэл гайгүй байгаа юм шиг байсан. Гэтэл машины тоо
хэвээрээ л байсан шүү дээ. Яагаад гайгүй байсан гэхээр хүмүүс өөрсдөө хичээсэн.
Хүмүүс өөрсдөө хувь нэмрээ оруулах ёстой гэж анхны алхмуудыг хийж, хичээсний үр
дүн харагдсан хэрэг. Тэгэхээр цаашид ч боломжит гарцыг хайх хэрэгтэй.