Цар тахлын дарамт ба монгол маягийн инфляц
ТОЙМ
Онолоор бол биднээс хамаарахгүйгээр өөрчлөгдөж, эргээд бидний амьдралд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь инфляц. Гэхдээ амьдрал дээр Монгол дахь инфляц ихэнхдээ биднээс хамаарч байдаг нь маргашгүй үнэн. Өөрөөр хэлбэл, монголчуудын зах зээл дэх оролцоо хандлагаас үүдэлтэй үнийн өсөлт амьжиргаанд шууд нөлөөлж, дарамт үүсгэж байдаг. Үүний хажуугаар дэлхий нийтээр ковидын шалтгаант хямрал нүүрлэж, нийлүүлэлтийн гацаа, логистикийн хямрал, зарим голлох бүтээгдэхүүний үнэ өсөлт газар авч байгаа нь бүр ч нэрмээс болж байна.
Монгол банкны зүгээс “Инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах зорилттой байгаа. Хэдийгээр инфляц зорилтот түвшнээс давсан ч 2022 оны сүүлийн хагаст эргээд буурч, зорилтын түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Үнийн өсөлт нь бусад орнуудын адил нийлүүлэлтийн шалтгаантай” гэж онцлов.
Одоогоор эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус,
хөдөлмөрийн зах зээл, үйлчилгээний салбар сэргээгүй байна. Үүнтэй холбоотойгоор
өрхийн хэрэглээ сэргээгүй, сүүлийн гурван улирал дараалан уналттай гарсан. Нийт
эдийн засгийн өсөлт эхний улиралд 14.8 хувь байсан бол 2-р улиралд 0.6 хувь,
эхний хагаст 6.3 хувь байсан нь өсөлт эмзэг, жигд бус байгааг харуулж байна.
Мөн хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэлт 10 хувь буурсан хэвээр байгаа
зэргээс харахад эрэлт бүрэн сэргээгүй, хэврэг байгааг илтгэж байна гэж Төв банк
үзжээ.
2021 оны 9-р сард улсын хэмжээнд инфляц жилийн 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.9 хувьд хүрэв. Энэ нь зорилтот түвшнээс даруй хоёр функтээр давсан үзүүлэлт. Мэргэжилтнүүдийн хувьд инфляцыг зорилтот түвшнээс давна гэдэг төсөөлөлтэй байсан нь ёсоор болсон гэж тайлбарлаж байгаа юм. Цар тахлын нөлөөгөөр бараа, үйлчилгээний үнийн өсөлт, мөнгөний худалдан авах чадварын бууралт дэлхийн улс орнуудад ялгаагүй нүүрлэж байна. Манайд бий болсон энэ байдалд мэдээж гадаад орчноос нөлөөлсөн зүйл бий. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагасан түүхий эд материалын эрэлт, улс орнуудын эдийн засгаа нээхийг эрмэлзэж хөл хориогоо сулруулж буй байдал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ гаарсан зэргээс ихээхэн шалтгаалсан нь тодорхой.
Дотоодын шатахууны үнэ бараг 40 хувиар нэмэгдсэн нь инфляцын 1.7 нэгж хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Түүнчлэн тээвэр логистикийн саатал, хямрал газар авч, ихэнх улс оронд хүнсний үнэ өсөлт эрчимтэй явагдах боллоо. Энэ нь импортоос хэт хамааралтай манай улсад шууд нөлөөлж байна.
Олон улсад шатахуун, хүнс, эрчим хүч, тээвэр логистикийн үнийн өсөлт нийтлэг ажиглагдаж байгаа бөгөөд цар тахалтай холбоотой эдийн засгийн энэ хүндрэл бэрхшээлийг эмчлэх гол арга зам нь одоогоор вакцинжуулалт болсныг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хямралын шалтгаан нь вирус, эмчилгээ нь вирусын эсрэг арга хэмжээ. Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, мөн иргэдийг дархлаажуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа зэрэг нь эдийн засагт үүсэх хүндрэлээс багагүй хагаслаж байгаа.
Монголбанкны хувьд нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт инфляцыг нэмэгдүүлэх үед Төв банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь зөв шийдэл биш, харин ч эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй учир мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхээс зайлсхийж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх арга хэмжээ авч, бодлогын хүүг түүхэн доод түвшинд хүртэл бууруулсан. Мөн зээлийн бүтцийн өөрчлөлт хийж, төлбөр хойшлуулах арга хэмжээнүүд авсан нь өрх, аж ахуйн нэгжийг зээлийн төлбөрийн дарамтаас гаргахад тус болсон сайн талтай. Үүний эерэг нөлөө нь одоо ч үргэлжилж сэргэлтэд дэмжлэг болж байгаа билээ.