НИТХ бүрэн эрхээ баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-06 12:48:52

НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, бүрэн эрхээ баталгаажууллаа.

43 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн анхдугаар хуралдааныг хамгийн өндөр настай төлөөлөгч буюу Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл даргалав.

НИТХ-ын хурлын сонгуульд 10 нам, 2 эвсэл, 4 бие даагч буюу нийт 286 хүн өрсөлдсөнөөс МАН 34, АН 11 суудал авав. Нийслэлийн хэмжээнд нийт 843 мянга 689 сонгогч бүртгэлтэй байснаас 70.4 хувь нь саналаа өгсөн талаар Нийслэлийн сонгуулийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болорчулуун танилцуулав.

Хэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга сонгуулийн явцад хууль зөрчсөн, маргаантай асуудал гарсан эсэхийг тодруулахад “Нийслэлийн сонгуулийн хороонд албан ёсоор гомдол ирээгүй. Хэд хэдэн зөрчил илэрснийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Зарим асуудал шүүхээр эцэслэгдсэн байгаа. Үүнийг СЕХ хянаж байна” хэмээв.

Ийнхүү бүрэн эрхийг баталгаажуулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

関連ニュース