М.Энхболд: УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 63 тойрогт ялалт байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-30 01:22:54

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигчид олонхийн суудал авсан талаар тус намын дарга М.Энхболд мэдээлэв.

Урьдчилсан дүнгээр УИХ-ын сонгуулийн 63 тойрогт МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Мөн Завханаас бусад 20 аймгийн ИТХ-д МАН ялалт байгуулсан гэсэн дүн мэдээ ирсэн хэмээн М.Энхболд онцлов.

Тэрбээр,“НИТХ-ын сонгуульд ч МАН олонхи боллоо. Сонгуульд идэвхтэй оролцож, МАН-ыг дэмжиж, итгэл хүлээлгэсэн иргэд, сонгогчиддоо талархал дэвшүүлье. Бидэнд хүлээлгэсэн итгэлийн ард асар их хариуцлага байгааг бид ухамсарлаж байна. Энэ хариуцлагыг үүрч, та бүхнийхээ итгэлийг алдахгүй гэдгийг цохон тэмдэглэх нь зөв. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдал, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унаж байгааг залруулахын төлөө бүхий л хүч чадал, бололцоогоо дайчлан ажиллах болно.Улаанбаатар хотод болон орон нутагт манай намын сонгуулийн хороод, нэр дэвшигчдийн багт ажилласан намын гишүүд, ухуулагчиддаа талархал илэрхийлье” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

関連ニュース