Монгол Улсын Төрийн тэргүүнээр 6 жил ажиллах анхны Ерөнхийлөгч
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 25-нд тангаргаа өргөлөө.
Энэ оны зургаадугаар сарын сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар 823 326 иргэний буюу саналаа өгсөн нийт иргэдийн 67.68 хувийн саналаар У.Хүрэлсүх ялалт байгуулсан. Энэ нь 1999 оноос хойш зохион байгуулсан Ерөнхийлөгчийн бүх сонгуулиас хамгийн өндөр хувийн санал авсан үзүүлэлт байв. Ингэснээр тэрбээр 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Төрийн тэргүүнээр 6 жил ажиллах анхны Ерөнхийлөгч юм. Мөн Үндсэн хуулиар дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба сонгуулийн үеийн зөрчил
УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хууль 2021 онд ихээхэн маргаан дагуулсан асуудлын нэг болоод байв. Учир нь Үндсэн хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдох заалт энэ оноос хэрэгжиж эхлэхээр заасан. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших үү, үгүй юу гэдэг асуудал олон нийтийн анхааралд өртөж, ҮХЦ-д очоод амжив. ҮХЦ-ийн дүгнэлтээр, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаагүй хүнийг сонгогдох эрхтэй байх зохицуулалт тусгах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс УИХ-ын чуулганы 2021 оны дөрөвдүгэр сарын 29-ний хуралдаанаар эл зохицуулалтыг тусгаж, нэмэлт, өөрчлөлт оруулснаар тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсон юм.
Түүнээс гадна сонгуулийн эхэнд АН-аас хоёр нэр дэвшигч тодруулж, СЕХ-нд материалаа хүргүүлсэн нь тухайн үеийн бас нэгэн халуун сэдэв болж байв. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч удалгүй намын дарга хэвээр байгаагаа зарлаж намын даргын сунгаа явуулж М.Тулгатыг сонгосон. Харин С.Эрдэнээс тамга гардан авсан Ц.Туваан намын даргын сунгааг зэрэгцэн явуулж О.Цогтгэрэл сонгогдсон бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр талаас нэр дэвшигчээ тодруулах үндэс болов. Ингээд О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй талаас С.Эрдэнэ нар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон. Харин СЕХ-ноос С.Эрдэнийн материалыг хүлээн авахаар шийдвэрлэснийг УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн эсэргүүцэж, тав нь Д.Сүхбаатарын талбайд суулт, өлсгөлөн зарласан юм. Удалгүй УИХ-ын дарга захирамж гаргаж, АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулснаар өлсгөлөн зогссон юм.
10 жилийн дараах нэгдэл
Энэ удаагийн сонгууль зөвхөн маргаан, зөрчилтэй байсан гэвэл бас үгүй. Учир юу гэвээс одоогоос 10 жилийн өмнө МАН-аас өрх тусгаарлаад байсан МАХН сонгуулийн өмнө эргэн нэгдэв. “Нэг түүхтэй, байр суурь ижил тохиолдолд МАН-тай тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь үр дүн багатай, цаг үрсэн ажил болно. Нөгөөтээгүүр, энэ жил нэг гарал үүсэлтэй манай хоёр намын 100 жилийн ой болж байна. Тиймээс өвөг дээдсийнхээ хийсэн ажлыг хүндэтгээд цаашид залуу үедээ Монгол Улсыг хөгжүүлэх үүд хаалгыг нь нээж өгөхөөр намын үйл ажиллагааг нэгтгэх нь зүй гэж үзлээ" хэмээн тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэж байв. Улмаар 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээ байгуулж, МАХН-ыг татан буулгах хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлж, дээд шүүх шийдвэр гаргаснаар хоёр нам 10 жилийн дараа, 100 жилийн ойн босгон дээрээ эргэн нэгдлээ.
Эмнэлгээс өрсөлдсөн анхны нэр дэвшигч
Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар УИХ-д суудалтай нам, эвсэл нэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ хүрээнд У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал авсан. Д.Энхбатын хувьд сонгуулийн сургалчилгааны үеэр коронавирусний халдвар авч, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Ингэснээр Монгол Улсын түүхэнд анх удаа нэр дэвшигч эмнэлэгт, тусгаарлалтын орчноос сонгуульд өрсөлдсөн тохиолдол болов. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авсан бол саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 480 хүн хийсэн юм.
Монгол Улсад “КОВИД-19” цар тахлын тохиолдол өдөр бүр өсөн нэмэгдэж буй үед Энэ үед сонгууль зохион байгуулах нь эрсдэлийг улам бүр нэмнэ хэмээн олон хүн үзэж байсан ч халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ээлжит сонгуулиа зохион байгууллаа. Засгийн газраас COVID-19-ийн үед сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Журмын хүрээнд санал авах байранд иргэдийг орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг ариутган нэг удаагийн бээлий олгосон юм. Саналын хуудас бөглөх ширээ, ажиглагч нарын суудал болон хэсгийн хорооны ажилтнуудын хоорондын зайг 1.5 метр байхаар зохицуулснаас гадна санал өгөх байранд хүүхэд дагуулж ирэхийг хориглов.
Сонгууль бүрийн дараа маргаан дагуулж, олныг талцуулдаг асуудал бол автоматжуулсан системийн санал тоолох ажиллагаа. Өмнөх бүх шатны сонгуулиар сонгогчийн санал авах, тоолох, дүн дамжуулах төхөөрөмжийн дүнг баталгаажуулах зорилгоор сонгуулийн дүн гарсны дараа санамсаргүй сонгох аргаар сонгуулийн хэсгүүдийн 50 хүртэлх хувийг сонгон авч, саналын хуудсыг гараар техникийн тооллого хийж үр дүнг баталгаажуулдаг байсан. Харин энэ удаад дээрх маргааныг эцэслэхээр 2020 оны 12 дугаар сарын 26-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бүх хэсгийн хороонд 100 хувь гараар тоолох шинэ зохицуулалт тусгасан нь үр дүнгээ өгсөн. Техникийн тооллого хийгдсэн нийт хэсгийн дүн нь автомат төхөөрөмжийн дүнтэй тохирч, зөрүү гарч байгаагүйг дурдах нь зүйтэй юм.
У.Хүрэлсүх гэж хэн бэ
Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 1985 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг төгсжээ. 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
1989-1990 онд Монголын Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх, 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв. Улмаар 2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажилласан. Түүнчлэн 2017-2021 онд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, 2017-2021 онд Монгол Ардын намын дарга, 2020-2021 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаад энэ сарын 25-наас Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ажлаа хүлээн авлаа.
Ерөнхийлөгчийн албан тушаал бий болсон нь
Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа УИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол, албан тушаалыг бий болгосон юм. Тухайн үеийнхээр, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны бөгөөд сүүлчийн, цор ганц Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдож байсан юм. Түүнээс гадна Монголын анхны бөгөөд цор ганц дэд ерөнхийлөгчөөр Р.Гончигдорж 1990-1992 онд ажиллаж байв.
1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар БНМАУ гэдэг нэрийг Монгол Улс болгон өөрчилсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оноос өмнө 7 удаа явжээ. Энэ хугацаанд анхны ерөнхийлөгч П. Очирбат, 3 дахь ерөнхийлөгч Н. Энхбаяр, 5 дахь ерөнхийлөгч Х. Баттулга нар 1 бүрэн эрхийн хугацаа (4 жил) дуусгажээ. Харин 2 дахь болон 4 дэх ерөнхийлөгч Н. Багабанди, Ц. Элбэгдорж нар 2 дахь бүрэн эрх (8 жил)-ээ хэрэгжүүлжээ. Ерөнхийлөгч Х. Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй болсон байна. Харин П.Очирбат, Н. Энхбаяр нарын хувьд дахин сонгогдоогүй юм.
Хамгийн идэвхтэй Ерөнхийлөгчийн сонгууль
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны буюу 1993 оны сонгуульд нийт нэг сая 106 мянга 403 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс нэг сая 25 мянга 970 сонгогч буюу 92.73 хувь нь санал хураалтад оролцсон нь хамгийн идэвхтэй үзүүлэлт юм. Харин 1997 онд нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 85.06 хувь, 2001 онд 82.94 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.50 хувь, 2017 оны ээлжит сонгуулийн анхны санал хураалтад сонгогчдын 68.27 хувь, хоёр дахь санал хураалтад 60.67 хувь нь тус тус оролцож саналаа өгсөн болно. Үүнээс харахад, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох иргэдийн идэвх ээлжит сонгууль бүрд буурсаар байгаа нь ажиглагдаж байна.