МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ЗАГВАР-“АЛСЫН ХАРАА-2050”

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-14 10:21:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2030 онд 4 сая, 2040 онд 4.6 сая, 2050 онд 5.4 сая хүн амтай байна. Мөн эдийн засгийн олон бүтэц бүхий хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч улс болно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2030 онд 12 мянга, 2050 онд 38 мянган ам.доллараас дээш болгоно.


Эдгээр нь УИХ-ын чуулганы 2020 оны тавдугаар сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын гол зорилтуудын нэгэн хэсэг юм.


Алсаа харах шаардлага хийгээд урьдач нөхцөл


Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон уг бодлогын баримт бичгийг боловсруулахад төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн, судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш 1500 гаруй хүн гар бие оролцжээ. Найман сарын хугацаанд боловсуурлсан уг баримт бичигт 1914 оны “Монголор” хамтарсан нийгэмлэг, 1924 оны Баялгийг бадруулах хэлтэс, 1945 оны Улсын төлөвлөгөөний комиссоос боловсруулсан 8 удаагийн 5 жилийн төлөвлөлтөөс эхлээд сүүлийн 100 жилийн хугацаанд салбар салбарт хэрэгжүүлж ирсэн 500 гаруй хөгжлийн бодлогыг нэгтгэжээ. Тэр ч утгаараа “Алсын хараа-2050” бол Монголын Эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй онцлогт суурилж, дэлхийн хөгжлийн дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” юм. 


Дэлхийн улс орнууд 2050 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж, баталж байна. Энэ жишгээр Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогоо боловсруулсан нь ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойтой давхцсан юм. Ардчилсан хувьсгал Монгол Улсад эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, чөлөөт хэвлэл, чөлөөт ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг гээд олон чухал зүйлсийг өгсөн. Энэ хугацаанд Монгол Улсын хүн ам 2.2 саяас 3.3 сая болж, хүн амын дундаж наслалт 62.8-аас 70.4 болж нэмэгджээ. 1993 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 768.4 сая ам.доллар байсан бол өнөөдөр 13.8 тэрбум ам.доллар болж, 17.5 дахин өссөн зэрэг олон эерэг үзүүлэлт олон бий. Гэхдээ Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж байна. Үүний үндсэн шалтгааныг далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа их, уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй, уул уурхайгаас хэт хамаарал бүхий тогтвортой бус эдийн засагтай холбон тайлбарладаг. Нөгөө талаар сонгууль дагасан дөрвөн жилийн циклтэй, төрийн мэргэшсэн албан хаагчид тогтвортой ажиллах боломжгүй зэрэг засаглалын гажуудал нь хөгжилд томоохон чөдөр тушаа болж байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь л Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 30 жил туулсан замналаа бүхэлд нь дүгнэж, алс хэтийн хөгжлөө төлөвлөх үндсэн шалтгаан болсон юм.


Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч хүрэхгүй


Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилго, 47 зорилтоос бүрдсэн “Алсын хараа-2050”-ийг 2021-2030, 2031-2040, 2041-2050 он гэсэн гурван 10 жилээр хөгжлийн үе шатуудаар хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг Засгийн газар нарийвчлан тооцсон байна.

“Алсын Хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд хөгжлийн бодлогын хэрэгжилтийг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д 5 жил тутамд танилцуулах аж.


“Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч хүрэхгүй. Алсын хараагүй ард түмэнд дэг журам гэж үгүй гэсэн” үг бий. Тиймээс Монгол Улсын 2050 он гэхэд хаана хүрсэн байх вэ гэдгийг “Алсын хараа-2050”-д хэрхэн тусгасныг танилцуулбал, одоо 4000 ам.доллараар тооцогдож буй нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2030 онд 12 мянга, 2050 онд 38 мянган ам.доллараас дээш болгоно. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө Монгол Улс 2050 онд Ази, Номхон дайлан бүсэд өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ. Энэ бол салбар салбарын эрдэмтэн судлаачийн гаргасан тооцоолол гэдгийг дахин онцлох нь зөв юм.


Хөгжлийн цөм нь Монгол хүн


Аливаа нийгмийн хөдөлгөгч хүч бол дундаж давхаргын иргэд байдаг. Дэлхийн улс орнууд чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна.  Харин Монгол Улсад дундаж давхаргын иргэдийн тоо бага, улмаар нийгмийн тэгш бус байдал үүсэх хандлага ажиглагдаж ирсэн нь 30 жилийн өмнө иргэдийн хүсэлтээр сонгосон ардчилсан нийгмийн үнэт зүйлд ч сөргөөр нөлөөлөх болов. Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92 дугаар байрт жагсаж байгаа нь ч үүний илрэл. Тиймээс ч Монгол Улсын хөгжлийн бодлогын цөм нь боловсролтой, эрүүл,  Монгол хүн байна хэмээн “Алсын хараа-2050”-д онцолж байна.


Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар 7 дугаарт жагсдаг ч оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59 дүгээрт, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээрт байгаад бид дүгнэлт хийх ёстой. Энэ хүрээнд хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон авч үзжээ. Улмаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, иргэн бүрийг 2 жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулдаг болох, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд онгоц, агаарын тээвэр ашиглах зэрэг ийн үйлчилгээг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх зэргээр иргэдээ дэмжих бүхий л бодлогыг цогцоор нь тусгасан байна.

“Алсын хараа-2050”-д тусгаснаар Монгол Улс 2030 онд 4 сая, 2040 онд 4.6 сая, 2050 онд 5.4 сая хүн амтай байхаар байна. 


Мөн эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, орон сууц, орлогын түвшин, хүрээлэн буй орчин, баталгаат ажлын байр, амьдралын чанар, сэтгэл ханамжийн түвшин, нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах замаар хүний хөгжлийн үзүүлэлтийн суурь түвшинг 0.74 өөр тооцож, 2030 онд 0.8, 2040 онд 0.85, 2050 онд 0.9 д хүргэх зорилт тавьсан юм. 


Түүнчлэн төрийн үйлчилгээг хүнээс хараат бус болгох зорилгоор цахим шилжилт хийж, ёс зүй өндөр иргэний нийгэм төлөвшүүлэн бүрдүүлэхэд голлон анхаарахаар тус бодлогод тусгагджээ. 


Нөгөө талаар НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-д тусгагдсан зорилго, зорилтуудыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1 дүгээр үе шат буюу 2030 он хүртэлх хугацааны хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд уялдуулж тусгасан юм. 


Хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч улс руу

Монгол Улс өнгөрсөн хугацаанд уул уурхайд тулгуурласан эдийн засагтай байсан. Одоо ч ийм хэвээр бөгөөд дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдийн ханшийн өсөлт, бууралт нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлдөг. Тиймээс ирэх 30 жилийн бодлогод,

1. Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтийг шийдвэрлэхийн тулд нэмүү өртөг шингээсэн уул уурхай, түүнийг холбосон дэд бүтцийн мега төслүүд, 

2. Хүнд, хөнгөн, хүнс гэсэн 3 төрөлжилттэйгээр хөдөө аж ахуйн салбарыг багтаасан боловсруулах аж үйлдвэр, 

3. Эрчим хүчний салбар, 

4. Тээвэр, логистикийн салбар, 

5. Төрөлжсөн аялал жуулчлал ба түүнийг дагасан йлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл,

6. Мэдлэгжсэн, бүтээлч эдийн засгийн салбар зэргийг эдийн засгийн тэргүүлэх салбараар зарлаж, төрийн бодлогоор онцгойлон дэмжихээр тусгасан байна. Энэ нь хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогч улсаас экспортлогч улс байх томоохон зорилтыг агуулж байгаа юм. 


Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох бодлого баримтална. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих, эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Газрын тос боловсруулах цогцолбор байгуулж, улсынхаа шатахууны хэрэгцээг дотоодоос хангах төсөл ч бас энд төлөвлөгдсөн. 


Уул уурхайн орлогын тодорхой хувийг Үндэсний баялгийн сан байгуулахад хуримтлуулж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа дэмжих, стратегийн хувьд ач холбогдолтой мега төслүүдээ санхүүжүүлэх, улмаар байгалийн баялгийг иргэн бүрд тэгш хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.


Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 30 хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг ч бүтээмж муугаас орлого бага байдгийг өөрчилж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлнэ. Улмаар нэмүү өртөг буюу үнэ цэн шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой анхаарч импортлогч улсаас экспортлогч улс болох зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих юм.


Эрчим хүч бол хүний судастай ижил. Эрчим хүч, дулааны дэд бүтцийг хөгжүүлснээр бусад салбар хөгжих боломж бүрдэх тул тус салбарыг Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, олон улсын зах зээлд экспортлох боломж байгаа. 


Мөн бүс, орон нутгийн онцлогт нийцүүлж, байгаль, түүх, соёлын өвд түшиглэн баруун бүсэд адал явдалт, тусгай сонирхлын, хангайн бүсэд-байгалийн, амралт зугаалгын, говийн бүсэд палентологийн, төвийн болон Улаанбаатарын бүсэд соёлын болон бизнесийн, зүүн бүсэд түүхэн төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлнэ.  Түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, Монголын нүүдлийн соёлын онцлогт тохирсон үндэсний шинэлэг, сор бүтээл, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм.


Хөрөнгө оруулалт болон нээлттэй гадаад бодлого


Монгол Улсыг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдаж байсан зорилт, арга хэмжээнүүд нь хэт ерөнхий, шалгуур үзүүлэлтийг хэмжих боломжгүй, санхүү, эдийн засгийн тооцоололгүй байсан олон жишээ бий. Харин “Алсын хараа-2050”-д санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг тодорхой шийдвэрлэсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн нийт 49.7 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 150 төсөл, арга хэмжээ байна. Харин санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх шаардлагатай 18.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 88, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 98 төсөл байгаа аж. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг эх үүсвэрээр нь ангилж харвал Хөгжлийн банкны санхүүжилтээр 30 хувийг, улсын төсвөөр 7.5 хувийг, концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 20.3 хувийг шийдвэрлэх аж. Улмаар улсын төсөв, гадаад зээл тусламж бүхий холимог эх үүсвэр болон дан гадаадийн зээл тусламжаар 36.6 хувийг шийдвэрлэх бол үлдсэнийг нь хэсэгчлэн шийдвэрлэх юм.

Гадаадаас хөрөнгө оруулалт татахад тулгамддаг хэд хэдэн асуудал бий. Нийт хөрөнгө оруулалтын 69.93 хувь нь геологи, уул уурхайн хайгуул, олборлолт, газрын тосны салбарт, 17.37 хувь худалдаа, нийтийн хоолны салбарт, бусад салбар нийлээд 12.7 хувийг эзэлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй, зөвхөн дээрх 2 салбарт харьцангуй ялгамжтай төвлөрснийг харуулж байна. Үүнээс гадна Монгол Улсын хуулиуд, төрийн баримт бичгүүд болон яамд, төрийн байгууллагуудын веб сайтууд ихэнх нь монгол хэлээр байдаг. Тиймээс Засгийн газар хууль, веб сайтуудыг англи хэл рүү хөрвүүлж, шилжүүлэхэд анхаарч байна. Мөн E-Mongolia цахим төслийн хүрээнд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт сонирхсон хэн боловч дэлхийн хаанаас ч хүссэн үйлчилгээгээ авах боломжийг хангахаар ажиллаж байгаа юм.  Улмаар гадаадын хөрөнгө оруулалтын төрийн захиргааны байгууллагын тогтвортой ажиллагааг хангана. Хөрөнгө оруулагч нар энэ байгууллагад биечлэн очиж эсхүл утсаар зөвлөгөө авч болно. Энэ ажлыг 2024 он гэхэд хийж, гадны хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрх зүйн орчинг ойлгомжтой болгохоор төлөвлөсөн байна.


Агаарын бохирдлыг 80 хувь бууруулах боломж


Монголчуудын хувьд нүүдлийн уламжлалт соёл иргэншил дээрээ суурилж, орчин үеийн үр ашиг өндөртэй технологид суурилсан ногоон хөгжил бүхий соёл иргэншил рүү шилжих бүрэн боломжтой гэж үздэг. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод өнөө үе төдийгүй үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлэх зорилгоор нийт газар нутгийн 35 хувь, гол мөрний 75 хувь, ойн 60 хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ. Улмаар ховордсон ан амьтан, ургамлыг өсгөн үржүүлэх үндэсний парк болон байгаль орчны шинжилгээний төв лаборатори байгуулах, ойн хэмжээг 9 хувьд хүргэж, усны ай сав газрын хамгаалалтын тоог гурав дахин нэмэх зэрэг төлөвлөгөөг гаргасан байна.

Дэлхийн хэмжээнд агаарын чанар муудахад нэг хүнд учрах хохирол жилд 500 ам.доллар байдгийг OECD тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2019 оны тавдугаар сараас нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрс түлэхийг хориглож, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр 2019-2020 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Харин саяхан шахмал түлшний дахин нэг үйлдвэр ашиглалтад оруулсан бөгөөд ингэснээр нийслэлийн бүх дүүргийн өрхийг уг түлшээр хангаж, агаарын бохирдлыг цаашид 80 хувь хүртэл бууруулах боломж бүрдсэн юм.


“АЛСЫН ХАРАА-2050” ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН  9 ЗОРИЛГО

 

НЭГ.ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ

Зорилго 1. Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлан судалж, хөдөлшгүй бодит баримтад үндэслэсэн “эх хэл, эх түүх, өв соёлыг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатай үндэстэн-улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно.


ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖИЛ

Зорилго 2. Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.


ГУРАВ.АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА

Зорилго 3. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг бүрдүүлнэ.


ДӨРӨВ.ЭДИЙН ЗАСАГ

Зорилго 4. Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно.


ТАВ.ЗАСАГЛАЛ

Зорилго 5. Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.


ЗУРГАА. НОГООН ХӨГЖИЛ

Зорилго 6. Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулна.


ДОЛОО.АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ

Зорилго 7. Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана.


НАЙМ.БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ

Зорилго 8. Үндэсний соёлоо дээдэлсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, өрсөлдөх чадвартай, харьцангуй тэнцвэртэйгээр бүс, орон нутгийг хөгжүүлнэ.


ЕС.УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ

Зорилго 9. Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлнэ.

関連ニュース