И.Ганболд: Сурагчдын 20 орчим хувь нь теле хичээл үзэх боломжгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын улмаас улсын хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагааг
хязгаарлаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Увс аймагт сурагчдын теле хичээлийн
үзэлт, хүртээмж, тулгамдсан асуудал ямар байгаа талаар
аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн И.Ганболдоос
тодрууллаа.
-Коронавирусний
халдвараас улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг
хязгаарлаад байгаа энэ
үед боловсролын байгууллагаас ямар чиглэл гарган ажиллаж байна вэ?
-2020-2021
оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 18500 орчим
хүүхэд хамрагдаж байгаагаас 7700 нь малчдын хүүхдүүд
байна. Шинэ хичээлийн жил эхлээд төд удалгүй цар тахлын улмаас хичээл,
сургалтын үйл ажиллагаа зогссон. Үндсэндээ сар орчмын хугацаанд сурагчид теле хичээл
үзэж байна.
Багш нар теле хичээлийн агуулгаар сурагчдад дасгал, даалгавар нэмэлтээр өгч байгаа. Ер нь бол
багш, сурагчийн
харилцаа онлайн эх үүсвэрийн хүрээнд явж
байна. Өнөөдрийн
байдлаар Улаангом сумын Ерөнхий боловсролын 1, 2-р цогцолбор сургууль, "Эрдмийн эхлэл" сургууль
багш нараа дайчлан цахим хичээлийг бэлтгэн хүргэж байна.
-Сурагчдын
теле хичээлийн үзэлт, хүртээмж хэр байгаа вэ?
-Эцэг
эхчүүдийн зүгээс теле хичээлийн чанар, хүртээмжийн
талаар
санал, шүүмж
хэлсээр байгаа. Бас нэг зүйл нь тухайн сурагчийн гэр бүлийн орчин нөхцөл, эцэг
эхийн цаг завгүй байдалтай холбоотой теле хичээлийн үзэлт хангалтгүй байна. Өнөөдрийн
байдлаар нийт хүүхдийн 50 орчим хувь нь теле хичээлийг тогтмол үздэг гэсэн
судалгаа гарсан. Гол төлөв аймгийн төв, сумын төвд амьдардаг хүүхдүүд теле
хичээл үзэлтийн тодорхой хувийг эзэлж байгаа бол хөдөө малчдын хүүхдүүд
теле хичээлийг үзэж чадахгүй байна. Нийт сурагчдын 20 орчим хувь нь буюу малчдын хүүхдүүд
теле хичээл үзэх боломжгүй байна.
-Гол
шалтгаан нь юу вэ?
-Үүнд
цаг агаарын нөхцөл байдал шууд нөлөөлж байна. Малчид нарны зайн эх
үүсвэртэйгээр зурагт үзэх боломжтой. Гэтэл наргүй, бүүдгэр өдрүүд үргэлжилж
байгаагаас цахилгааны эх үүсвэрээ цэнэглэж чадахгүй байна. Үүний
улмаас малчдын хүүхдүүд теле хичээлийг тогтмол үзэх боломжгүй болж хичээл
тасалдаж байгаа. Иймд сургуулиудын зүгээс эхний шатанд судалгаан дээр
тулгуурлан
тухайн сумын багийн дарга болон онцгой комисстой хамтран теле хичээлийн агуулга
болон нэмэлт даалгаврыг сурагчдад цаасан хэлбэрээр хүргэж байна. Цаашид
сургууль дор бүрнээ теле хичээлийн агуулгын хүрээнд сурагчдадаа хүрч ажиллах
тал дээр анхаарна. Мөн 1-р ангийн багш нарын хувьд теле
хичээлээр зааж буй зарим үсгийг өмнө нь үзсэн учир өөрсдөө
нөхөлт
хичээлийг зааж байна.
-Цаашид эцэг эхчүүд юунд анхаарах вэ?
-Цаг
үеийн нөхцөл байдлаа дагаад хичээл, сургалтын үйл ажиллагаанд тодорхой
хүндрэлүүд үүссэн. Иймд багш-эцэг
эх-хүүхэд
гэсэн хамтын ажиллагаатайгаар даван туулах шаардлага тулгараад байна. Хамгийн
гол нь эцэг эхчүүд хүүхэддээ цаг зав гаргаж теле хичээлийг нь тогтмол үзүүлэх,
гэрийн даалгавар хийлгэх тал дээр хяналт зөвлөгөө өгөх, багш нартай нь хамтын ажиллагаатай
байх шаардлагатай. Хүүхдийнхээ хоцрогдлыг тодорхойлж багштай нь
хамтран ажиллах шаардлага ч бий. Түүнчлэн багш нарын
зүгээс хүүхэд нэг бүрийн сурлагад анхаарч, онлайн хамтын ажиллагааг үр дүнтэй
зохион байгуулах нь чухал байна.
-Ярилцсанд баярлалаа.