А.Амбасэлмаа: Өчигдөр 731 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-08-29 11:40:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний 301 тохиолдол батлагдаж, 291 хүн эдгэрч эмнэлгээс гараад байгааг ЭМЯ-наас мэдээлэв. 


Монголд гэрийн ажиглалтад 25 хүн байгаа бол ажиглалтаас гарсан 223 хүн байна. Мөн 269 хүн шинээр хяналтад орж, 254 хүн хяналтаас гарчээ. Тэдэнд 38 их эмч, 100 резидент эмч тусламж үзүүлж байгаа аж. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Наймдугаар сарын 28-нд дөрвөн лабораторид нийтдээ 731 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 10 хүн коронавирусний халдвараар эмчлэгдэж байгаагаас,  нэг хүний биеийн байдал хүндэвтэр,  нэг хүний биеийн байдал хүнд байна.


Амны хаалт зүүх зөвлөмжийг байнга өгч байгаа ч хурим найр, байгууллагуудын ойн баяр тэмдэглэж олон хүнийг цуглуулж байгаа нь эрсдэлтэй нөхцөл юм. Өчигдөр нэгэн байгууллага 50-60 хүн цуглуулсан үйл ажиллагаа зохион байгуулснаас болж хоолны хордлогот халдвар гарлаа. ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусний давтан шинжилгээ авч цаг наргүй ажиллаж байхад 50-60 хүний хоолны хордлогыг эмчлэхээр ажиллалаа. Тэднээс 14 хүн эмнэлэгт ирснээс хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Одоо хүртэл тус арга хэмжээнд оролцсон хүмүүс цувж ирсээр байна.


Коронавирусний халдвар хоол хүнсээр мөн халдварлаж байна. Хоолны хордлогот халдварын нууц үе нь 7-14 хоног байдаг. Их ажлын хажуугаар давхар ХӨСҮТ-ийн эмч нарт ачаалал нэмж байна. Хүн бүр амны хаалтаа зүүж, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсэж байна.


Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар 216 улс оронд бүртгэгдэж, 24 сая 173 мянган хүн өвчилж, 828 мянган хүн амиа алджээ. Өнгөрсөн хугацаанд 17 сая гаруй хүн эдгэрчээ. Энэ долоо хоногт халдвар авсан хүний тоо нэг саяар нэмэгдэв. Ази, Европт халдвар голомтлон гарч, нэмэгдэх төлөвтэй. ДЭМБ улс орнуудад олон нийтийн арга хэмжээг эрсдэлийн үнэлгээнд суурилан тооцож зохион байгуулах шаардлагатайг анхааруулжээ.


Дэлхий нийтэд цар тахалтай холбоотой сэтгэцийн өөрчлөлт нэмэгдэх хандлагатай байна. Иймээс сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4711 шинэ тохиолдол бүртгэгдэж, 121 хүн нас баржээ. БНХАУ-д 30 шинэ, ес нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Японд 865 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ. БНСУ-д 371 шинэ, 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрөөс тус улсад парламентын үйл ажиллагааг зогсоож байна.


Европт өвчин голомтлон гарч байгаатай холбогдуулан амны хаалт хэрэглэхийг үүрэгжүүлж байна. Парист амны хаалт зүүгээгүй тохиолдолд торгууль оногдуулах бол Испанид зургаагаас дээш насны бүх хүүхэд, том хүн амны хаалт зүүх ёстой. 

関連ニュース