Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ Красноярск хотноо очжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын уран гулгалтын төрөлд өрсөлдөх Г.Марал-Эрдэнэ ээж А.Шинэсарангийн хамт өчигдөр ОХУ-ын Красноярск хотноо очжээ.
Түүнийг Монголын оюутны спортын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзсан бөгөөд Монголын шигшээ багийн тамирчнаа Универсиад наадмын Тамирчдын тосгонд байрлуулжээ.
Монгол улсын баг тамирчид анх удаа спортын таван төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ багтаж эх орноо төлөөлөн ур чадвараа сорино. Тэрбээр Япон улсад суралцдаг бөгөөд Козука Сачико дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг байна. Түүний тэмцээн маргааш болно.
Универсиадын уран гулгалтын тэмцээн өчигдөр "Платиниум арена" спортын ордонд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрээр эхэлж, 26 тамирчнаас 24 нь чөлөөт үзүүлбэрт орохоор болжээ. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөө шөнө болж, чөлөөт үзүүлбэрт оролцох тамирчид тодрох юм.