Бүтээн байгуулалтад оролцсон цэргүүдэд цалин олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, салбартаа хэрэгжүүлж байгаа бодлого, түүний үр дүнгээр мэдээлэл хийлээ.
УИХ-аар өнгөрсөн онд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай холбоотойгоор батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж, “Инженерийн рот”-ыг бэлтгэн илгээх асуудлаар шийдвэр гаргуулах зэрэг томоохон ажлууд хүлээгдэж буйг тэрбээр онцоллоо.
Монгол Улс бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлж, нийт залуусыг цэргийн алба хаалгах тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Хоёр жилийн хугацаанд 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтад хамрагдсан бол энэ жил 1000 оюутан хамруулна. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутныг хамруулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж.
Манай улс өнөөдрийн байдлаар дэлхийн 32 улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоон, хамтран ажиллаж гадаадын 5 улс Монгол Улсад цэргийн атташегаа байнга суулган 16 улс БНХАУ-д суугаа Элчин сайдын яамдын цэргийн атташе нараа манай улсыг хавсруулан ажиллуулж байна. 2015 онд БНСУ, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд Батлан хамгаалахын атташегийн албаа шинээр нээн ажиллуулж эхэлсэн нь Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг сайд хэлэв.
Монгол Улсаас гадаадын таван улсад суугаа Элчин сайдын яаманд цэргийн атташе, тэдний туслах, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт цэргийн зөвлөх, нийт 10 цэргийн албан хаагчийг байнга суулган үүрэг гүйцэтгүүлж байна. 2015 онд нийт 12 олон улсын болон хамтарсан сургалт дадлагыг амжилттай зохион байгуулжээ.
“Хааны эрэлд-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт дадлагад 22 улс орны 1200 гаруй цэргийн албан хаагчид оролцсон. Энэ жил мөн адил олон улсын болон хамтарсан сургалт дадлага үргэлжилнэ.
Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо нэмэгдэж 2002 оноос хойш давхардсан тоогоор 12 мянга гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогоор 1185 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Афганистан улсад хийж буй олон улсын цэргийн ажиллагаанд 346, АНУ-ын Төвийн командлалын төлөвлөлтийн бүлэгт 3, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 895, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх 1, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Цэргийн хэлтэст 1, нийт 1100 гаруй цэргийн албан хаагчид үүргээ амжилттай хэрэгжүүлж байгааг салбарын сайд тайлагнав.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
-Монгол цэрэг төмөр замын бүтээн байгуулалт болон ойн цэвэрлэгээний ажилд оролцохоор болсон. Эдгээр бүтээн байгуулалтад оролцсон цэргүүд ямар цалин хангамжтай байх вэ. Бүтээн байгуулалтын дараагаар ажлын үнэмлэх, зэрэг олгох уу?
-Орчин үеийн бүтээн байгуулалт техникийн өндөр түвшинд хийгдэж байгаа учраас нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлдэх шаардлагатай. Хамгийн сүүлд яригдсан томоохон бүтээн байгуулалт бол Өмнөговь-Сайншандын чиглэлийн 240 км төмөр замын ажил юм. Энэ бол өндөр бүтээмжээр хийх ажил. Иймээс Хөдөлмөрийн яамтай хамтраад тус яаманд харьяалагддаг МСҮТ-үүд, мөн Батлан хамгаалахын салбарын сургалтын системийн хүрээнд энэ жил 2000 гаруй мэргэжлийн хүмүүсийг бэлтгэхээр ажиллаж байна. Ойрын үед зураг төсөл, санхүүжилт зэрэг шаардлагатай асуудлууд шийдэгдвэл гүйцэтгэгч байгууллагын зүгээс бэлтгэлээ хангаад энэ даалгаврыг нэр төртэйгээр биелүүлэх бололцоотой.
Ер нь бүтээн байгуулалтад оролцсон цэргүүдэд цалин олгоно. Төмөр замын бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний төсөв төсөвлөгдөнө. Тухайн төсөвт ямар хэмжээний хөдөлмөрийн хөлс тусгагдсан байна, түүнтэйгээ уялдаатай цалин хөлс авах болно. Цэргийн албан хаагч гээд цалин өгөхгүй гэх асуудал байхгүй.
-Бусад салбартай харьцуулахад батлан хамгаалахын төсөв хүндрэлтэй байдаг тухай өмнө нь яригддаг байсан. Одоогоор тус салбарын төсөв ямар байдалтай байна вэ?
-Урьд нь төсвөөс ямар хэмжээний төсөв ноогдоно, улс орны эдийн засаг ямар түвшинд байна түүнээс л салбарын санхүү хамаарна гэсэн бодлого явж ирсэн. УИХ-аас Батлан хамгаалахын үндэс бодлогын баримт бичгийг батлахдаа эдийн засгийн тал дээр нэлээд анхаарсан. Улс орныг батлан хамгаалахад ямар хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна, түүнийг нь Монгол Улс бүхлээрээ хамтраад бий болгох ёстой гэсэн өндөр зорилт тавьсан. Зөвхөн төсвөөс биш бусад түвшний орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах даалгаврыг манай салбар хүлээх болсон. Энэ хүрээнд ч гэсэн бүтээн байгуулалтын ажлууд мөн багтаж байгаа.
Ер нь энхийг сахиулах чиглэлээр тодорхой орлого орж ирдэг. Тэрхүү орлого нь зэвсэгт хүчнийг хөгжүүлэх санд шилждэг. Энэ сангаасаа буцаад энхийг сахиулагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт асуудалд зарцуулдаг. Өндөр үнэтэй зэвсэг техник, онгоц худалдан авахад улсаас онцгой анхаарч байж, энэ зорилтоо биелүүлэх болдог. Шинэ бодлогод мөн зэвсэг техникийн шинэчлэлд зориулж улсын төсөвт тусгайлсан хөрөнгө суулгаж байна гэсэн асуудлыг тусгасан. 2017 оны төсөвт ямар техник худалдаж авах вэ гэх саналаа яамны зүгээс оруулж байгаа. Мөн дотоодын нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.
-МАХН бусад намуудтай нэгдэх тухайд ямар хувилбар яригдаж байгаа вэ?
-Манай намын хувьд бусад намуудтай нэгдэх, дангаараа оролцох гэх мэт 4-5 хувилбар байна л даа. Энэ талаар эцэслэн шийдэгдээгүй, эцэслэн шийдэх хугацаа ч болоогүй байна. Одоогоор тал талдаа хэлэлцэх түвшинд асуудал яригдаж байна. Ойрын үед МАН-тай хамтрах эвсэх талаар ажлын хэсэг байгуулья, мөн АН-тай өнөөгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, дараагийн хугацаанд хамтрах ямар боломж байна вэ гэдэг дээр ч гэсэн ажлын хэсэг байгуулж энэ асуудлыг хэлэлцэн шийднэ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал