Энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-03 15:10:45
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2018.02.01/ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Газрын нэгдмэл сангийн тухай”, “Иргэнд 2018 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” зэрэг асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэв.

Хурлаар танилцуулсан асуудлаас газрын байршил /га/, хэдэн хүнд өмчлүүлэх тухайд:

Одоо амьдарч буй газрын тухайд  Дархан суманд нийт 49,1 га газрыг 530 иргэн, Орхон суманд 7,12 га газрыг 104 иргэн, Шарын гол суман, 82,16 га газрыг 89 иргэн, Хонгор суманд 179,36 га газрыг  541 иргэн өмчлөх боломжтой ажээ. Харин Хонгор  сум 370 иргэнд 34,5 га, Шарын гол сум 6 иргэнд 0,40 га, Орхон сум 104 иргэнд 7,12 га газрыг шинээр өмчлүүлэх боломжтой ажээ.  

Газар нутгийн хэмжээ бага ч хуулийн дагуу боломжит нөхцөл байдалдаа тулгуурлан иргэдэд үнэгүй газар өмчлүүлэх ажлыг олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх хэрэгтэйг тэргүүлэгчид санууллаа. Түүнчлэн шинээр шилжин ирж байгаа иргэдийг ч хамруулах хэрэгтэй гэв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх асуудлыг хэлэлцэн Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тус бүрээр тогтоон баталж, аймгийн хэмжээнд газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг аймаг сумдын Засаг дарга, ГХБХБГ-ын дарга нарт үүрэг болголоо.
 
Л.Отгонбаатар


 
Related news