Дэлхийн 10 рекорд эзэмшдэг ах дүүс
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дархан сумын харъяат, Монгол Улсын мянгат, манлай сайн малчин, аймгийн чин зоригт чимэгт хурц арслан, “ААТ” хэмээх Ц.Шаравдоржийн зургаан хүү үндэсний бөх болон пауэрлифтингийн спортоор хичээллэн сумаасаа дэлхийн аваргад хүрсэн олон сайхан амжилтуудыг оргилуулсаар явна.
Тэдний хоёр хүү нь гэхэд л дэлхийн 10 рекордын эзэн. Дөрөвдэх хүү Ш.Ариунбаатар WRPF”, “GPC” хоёр холбооны дэлхийн гурван рекордыг, отгон хүү Ш.Алтанбагана нь пауэрлифтингийн дэлхийн гурван холбооны долоон рекордыг эзэмшиж байна.
Тэдний хоёр хүү нь гэхэд л дэлхийн 10 рекордын эзэн. Дөрөвдэх хүү Ш.Ариунбаатар WRPF”, “GPC” хоёр холбооны дэлхийн гурван рекордыг, отгон хүү Ш.Алтанбагана нь пауэрлифтингийн дэлхийн гурван холбооны долоон рекордыг эзэмшиж байна.
Ц.Шаравдоржийн хоёр дахь хүү Ш.Бямбатогтох 2000 онд Хэнтий аймгийн баяр наадмын бөхийн барилдааны түрүүг авч аймгийн арслан цолыг хүртжээ. Ш.Бямбатогтох үндэсний бөх барилдахын зэрэгцээ пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэдэг. Энэ жил Пауэрлифтингийн улсын аваргад оролцон Мастер1 ангиллын -82,5 кг-ийн жинд аварга болж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Мастер1 буюу 40-өөс дээш насны -82,5 кг-ийн жинд түрүүлж Дэлхийн аварга болсон байна.
2014 онд Пауэрлифтингийн дэлхийн цомын аварга болсон гурав дахь хүү Ш.Баттогтох нь мөн үндэсний бөхөөр аймгийн заан цолтой. Тав дахь хүү Ш.Дархан-Оргил сумын заан цолтой, аав ээждээ түшиг болж, тал сайхан нутагтаа таван хошуу малаа маллан амьдарч буй.
Дөрөв дэх хүү Ш.Ариунбаатар 2005 оноос хойш Пауэрлифтингийн улсын аваргад байнга оролцож, есөн удаа аваргын алдрыг хүртсэн, “WRPF”, “GPC” хоёр холбооны штангтай суулт, нийлбэр өргөлтөөр дэлхийн гурван рекордыг эзэмшдэг мэргэжлийн тамирчин юм. Мөн 2006 онд Хэнтий аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж аймгийн заан цол, 2011 онд Налайх хотын баяр наадамд барилдан түрүүлж аймгийн арслан цолыг хүртсэн ажээ.
Харин отгон хүү Ш.Алтанбагана Хууль сахиулахын их сургуулийн багш, тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч цолтой. Түүнчлэн аймгийн начин, пауэрлифтингийн дэлхийн гурван холбооны долоон рекордыг эзэмшиж байгаа. Тодруулбал, “WRPF” холбооны штангтай суулт, штангтай хэвтээ шахалт, штангтай газраас таталт, нийлбэр өргөлт, “WРPG” дэлхийн цагдаагийн олимпийн штангтай хэвтээ шахалт, штангтай газраас таталт, нийлбэр өргөлт, “AWPC” холбооны штангтай газраас таталтын рекордыг эзэмшдэг мэргэжлийн тамирчин ажээ.
Ах дүү Ш.Ариунбаатар, Ш.Бямбатогтох, Ш.Алтанбагана нар өнгөрөгч оны 10 дугаар сард ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан “World Raw Powerlifting Federation” холбооны "RAW" пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцсон юм. ОУХМ Ш.Бямбатогтох Мастер1 ангиллын -82,5 кг-ийн жинд түрүүлэн дэлхийн аварга, ОУХМ Ш.Ариунбаатар насанд хүрэгчдийн -90 кг-ийн жинд түрүүлэн дэлхийн хошой аварга, Ази тивийн хошой аварга, Дэлхийн цомын хошой аварга, Дэлхийн цагдаагийн олимпийн аварга, ДАШТ-ий алтан медальт ОУХМ Ш.Алтанбагана насанд хүрэгчдийн -100 кг-ийн жинд түрүүлж дэлхийн хошой аварга болсон нь тун бахдалтай. Тэд “Пауэр Мартин” ХХК-ийн клубын болон Монголын пауэрлифтингийн хүчний холбооны тамирчид.
Ах дүү аваргууд өөрсдийнхөө рекордыг шинэчлэн тогтоох зорилго тавин, 2018 онд Монгол Улсын болон Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гарчээ.
Д.Одонтунгалаг