Цагааннуур сумын тариаланчид ургацын баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-12 21:56:14
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Будаа тариагаараа алдаршсан газар тариалангийн элит сум гэгдэх Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын тариаланчид хаврын хавсарга шуургатай өдрүүдээс эхлээд намрын налгар сарыг өндөрлөтөл тариан талбайд өрнүүлсэн хөдөлмөрийнхөө үр шимийг дүгнэж ургацын баяраа тэмдэглэлээ.

2017 онд тус сум нийт 28763 га-д үр тариа тариалснаас 31322 тн буюу 12.8 цн, рапс 5542 га-аас 1398 тн буюу 4.5 цн, хадлан 11616 тн-ыг тус тус бэлтгэсэн байна. Цагааннуур сумынхан “Ургацын баяр” арга хэмжээнийхээ хүрээнд “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч” иргэдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. Үзэсгэлэн худалдаанд нийт 21 иргэн зургаан нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээ тодруулжээ.
Ингээд шилдэг “Гурил гурилан бүтээгдэхүүн”-ээр хоёрдугаар багийн иргэн Б.Мөнхжаргал, шилдэг “Сүү сүүн бүтээгдэхүүн”-ээр нэгдүгээр багийн иргэн Д.Нарантуяа, дэд байранд Д.Цогзолмаа, шилдэг “Мах махан бүтээгдэхүүн”-ээр 3 дугаар багийн иргэн н.Батэрдэнэ, шилдэг “Жимс жимсгэний бүтээгдэхүүн”-ээр гуравдугаар багийн иргэн С.Амаржаргал, шилдэг “Хүнсний ногооны бүтээгдэхүүн”-ээр хоёрдугаар багийн иргэн Г.Үүрцайх, мөн дэд байранд Д.Сумьяажав, шилдэг “Оёдол гар урлалын бүтээгдэхүүн”-ээр гуравдугаар багийн иргэн Ц.Ичинхорлоо нарын хөдөлмөрийнхөө үр шимээр хийсэн бүтээгдэхүүнүүд тус тус шалгарчээ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд сумын иргэд идэвхтэй оролцож, нийт хоёр сая гаруй төгрөгийн борлуулалтыг хийсэн байна.
Мөн баярын үйл ажиллагааны үеэр шагналын хур бууж, ХХААХҮ-ийн тэргүүний ажилтан цол тэмдэгтээр “Баяндулаан–Уул” ХХК-ийн механикжуулагч Д.Батбуян, аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр “Нарийн шүрэн” ХХК-ийн захирал Д.Батцогт, тариаланч Х.Болд, аймгийн Засаг даргын Жуух бичгээр “Бургастайн хишиг” ХХК-ийн агрономич С.Мэндсайхан, “Нарийн шүрэн” ХХК-ийн механикжуулагч С.Өлзийхутаг, “Баянсэлэнгэ” ХХК-ийн механикжуулагч Э.Бат-Эрдэнэ, “Номунхан” ХХК-ийн тогооч Г.Энхжаргал, “Атартрейд” ХХК-ийн нягтлан бодогч Ө.Отгонбаяр нар тус тус шагнуулсан байна. Мөн Сумын Засаг даргын жуух бичгээр 11 иргэн, сумын ИТХ, Засаг даргын өргөмжлөлөөр 21 иргэн шагнагджээ. 2017 онд 5500 тн ургац хураан авсан амжилтыг үнэлж н.Одгэрэл захиралтай “Сэлэнгэ тариа” ХХК-ийн хамт олон, 4077 тн ургац хураан авсан амжилтаар Ө.Чимэддорж захиралтай “Атартрейд” ХХК-ийн хамт олон, усалгаатай талбайгаас 1 га-аас 35.4 цн ургац хураан авсан амжилтаар Б.Мөрөн захиралтай “Баяндулаан-Уул” ХХК-ийн хамт олонд дурсгалын зүйл гардуулсан байна.
Мөн энэ үеэр хүчит бөхийн барилдаан болж хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Таванхан дэвжээ”-ний бөх сумын Заан Б.Очирхуяг түрүүлж, Мандал сумын харьяат “Таванхан дэвжээ”-ний бөх Н.Баярбаатар үзүүрлэжээ.
Ч.Отгонцэцэг
Related news