Сумдын Мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-08-28 11:43:39
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ХХААГ-аас Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн 12 мэргэжилтэн, сумдын хувийн хэвшлийн Мал эмнэлэг нэгжийн захирлуудыг хамруулсан уулзалт, сургалтыг энэ сарын 25-нд зохион байгууллаа.

Уулзалтаар малын гоц халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, тарилга, эм хангамжийн нөөц, нийлүүлэлт зэрэг цаг үеийн болон тулгамдаж буй асуудлаар албаныхан харилцан мэдээлэл солилцсон байна. Малын цэцэг, шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын Захирамж гарч нийт мал сүрэгт урьдчилан сэргийлэх үзлэг тандалт хийх ажлыг энэ сарын 26-наас эхлүүлэх үүрэг чиглэлийг өгсөнийг ХХААГ-аас мэдээллээ. Мөн энэ үеэр ХХААХҮЯ-наас Мал эмнэлэг үржлийн тасгийн ажлыг дэмжих зорилгоор Япон улсад үйлдвэрлэгдсэн “YAMANA” маркийн мотоциклыг сумдын мал эмнэлэг үржлийн тасагт гардуулан өгөв.
Ж.Золзаяа
Related news