Олон салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-16 18:11:20
Yesukheitumur Tumurbaatar
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын удирдлагууд БНСУ-ын Бүчон хоттой Боловсрол, Соёл, Урлаг, Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

Дархан хот анх 1961 онд эдийн засаг, үйлдвэрлэлийн томоохон төв болон байгуулагдсан. Хожим сумын статустай болоод 23 жил болж байна. 18 багаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Нийт 85 мянга орчим хүн амтай. Хүн амын 65 хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. Тиймээс хүүхэд залуучуудыг БНСУ-д сургах, спорт, урлагийн олон төрлийн тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтад хамруулах зэрэг боловсрол, соёлын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгааг Бүчон хотын дарга болон төлөөлөгчдөд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал танилцуулав.

Мөн Хөдөө аж ахуй , Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт, тэр дундаа арьс шир боловсруулах чиглэлд Солонгосын талаас хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар судлан үзэхийг хүсээд, Монголын тамирчин Бээжингийн олимпоос Алтан медаль авсан баярт өдөр Бүчон хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчидтэй уулзсанд бэлэгшээж байгаагаа илэрхийллээ. Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт талууд итгэлтэй байна гэсэн юм.

 
Ж.Золзаяа
Related news