Найрамдалт хамтын ажиллагаа богино хугацаанд амжилттай хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-16 18:07:16
Yesukheitumur Tumurbaatar
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа эхэнд Дархан сумын ИТХ, Дархан сумын ЗДТГ-ын бүтэц бүрэлдэхүүнтэй танилцлаа.

Үйл ажиллагааг нээж Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хэлсэн үгэндээ, “Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагаа 2015 оны 7 дугаар сараас эхэлсэн бөгөөд Дархан сумын ИТХ-ын хоёр бүрэн эрхийн хугацааг дамнан өнөөдрийг хүртэл амжилттай хөгжиж байгаад баяртай байна” хэмээн онцлов. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Өнгөрсөн богинохон хугацаанд Бүчоны ИТХ-ын төлөөлөгчдийн чин сэтгэлийн тусламж дэмжлэгээр үр дүнтэй олон ажлуудыг хамтран хэрэгжүүлсний дотроос Дархан сумын хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдэд чихний дунгийн суулгацын мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлгэн, тэдэнд амьдралын баяр баясгаланг бэлэглэсэнд сэтгэл хангалуун байгаагаа гэдгээ илэрхийлсний дараа Дархан сумын ИТХ-ын бүтцийг танилцууллаа. “Дархан сумын ИТХ нь нийт 31 төлөөлөгчтэй. 7 тэргүүлэгчтэй. Төлөөлөгчид 5 хороонд хуваарилагдан ажилладаг. Нийт төлөөлөгчдийн 29 хувь нь эмэгтэй төлөөлөгчид байна. Хурлын дэргэд Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажилладаг” гэв.

Харин Бүчон хотын ИТХ нь 28 төлөөлөгчтэй. Санхүү соёл урлагийн хороо, Засаг захиргаа, нийгмийн халамжийн хороо зэрэг дөрвөн хороо үйл ажиллагаа явуулдаг байна.  Айлчлалын бүрэлдэхүүнд 2 хорооны дарга багтжээ. Бүчон хот нь 870 гаруй мянган хүн амтай. Бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хоттой хил залгаа оршдог аж. Аж үйлдвэрийн салбарын 80 хувь нь хүнд үйлдвэрлэл байдаг. Тэр дундаа Гэрэлтүүлэг, Робот, Химийн чиглэлийн үйлдвэрүүд өндөр хөгжжээ. Хятад болон Дундад Азийн олон оронтой хамтран ажилладаг. Монгол улстай тэр дундаа Дархан сумын ИТХ-тай ах дүү найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэх боломж бүрэн дүүрэн бий гэдэгт итгэл төгс байгааг ноён Кан Дун-Гу онцолсон юм.
Ж.Золзаяа

Related news