Энхийг сахиулагчид “Элитийн батольон”-д бэлтгэгддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-21 00:38:38
Дархан-Уул /МОНЦАМЭТус аймгийн төв Дархан хотод “Элитийн батольон” буюу Зэвсэгт Хүчний 330 дугаар анги байрлаж энхийг сахиулах үйл хэрэгт оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийдэг.
Тус аймгийн төв Дархан хотод “Элитийн батольон” буюу Зэвсэгт Хүчний 330 дугаар анги байрлаж энхийг сахиулах үйл хэрэгт оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тус ангийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон иргэдийн зарим төлөөлөгчид танилцлаа.
Тус анги нь аймгийн нийгэм, эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж аймгийн 550 хүнийг ажлын байраар хангадаг ажил олгогч юм. Түүнчлэн бүх нийтээр мод тарих, хүмүүнлэгийн аянд нэгдэж сумдад өвс, тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэх зэрэг нийтийг хамарсан ажлуудад албан хаагчдаа дайчилж тогтмол оролцдог байна.  Ангийн Захирагч, хурандаа Б.Баатар: “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Батлан хамгаалахын багц хууль”-ийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж УИХ-ын мөн оны есдүгээр сарын нэгний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан. Уг хуулийн дагуу Зэвсэгт хүчний чиг үүрэг, бүтэц шинээр тодорхойлогдож Зэвсэгт хүчний удирдлагын эрх, үүргийн зааг ялгаа нарийвчлан тогтоогдож төрлийн цэргийн командлалын эрх зүйн үндэс бий болж мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх зохицуулалт боловсронгуй болсон ач холбогдолтой” хэмээн онцлов. Мөн үеэр аймгийн ИТХ-ын Төлөөгчид, ажлын албаныханд ангийнхаа танхимын сургалтын орчин, номын сан, зэвсэглэл, техникийг танилцуулж хээрийн сургалт дадлагын үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдын 70 гаруй хувь нь манай аймгийн иргэд байдаг. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсанаар эдгээр иргэдийнхээ нийгмийн асуудалд анхаарал хандуулж байгаа хэрэг юм. Түүнчлэн Зэвсэгт хүчний 330 дугаар анги нь орон нутагт томоохон ажил олгогч, татвар төлөгч, худалдан авагч учраас аймаг орон нутгаас тодорхой хэмжээнд дэмжиж хүн хүч шаардагдсан олон нийтийн ажилд хамтран ажиллах зэрэг олон талаар холбоотой ажиллах шаардлагатай юм” гэв.
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Related news