Эрээн хотын олон улсын дээд сургуульд үнэгүй сурах боломж монгол хүүхэд бүрт бий

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-06-10 06:35:56
ЭРЭЭН. /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн 10 хоногийн хамтарсан сурвалжлагын хүрээнд Монголын сэтгүүлчид зургадугаар сарын 9-ний өдөр Өвөр Монголын Багшийн их сургуулийн /ӨМБИШ/ харьяа Эрээн хотын олон улсын дээд сургуулийн  /ЭХОУДС/ үйл ажиллагаатай танилцлаа.

ЭХОУДС-ийн захирал Ялалт сургуулийнхаа үйл ажиллагааг Монголын сэтгүүлчдэд танилцуулсан юм.
 

Тэрбээр хэлэхдээ “ЭХОУДС-ийг 2012 оны тавдугаар сард ӨМӨЗО-ны засгийн газрын зөвшөөрлөөр ӨМБИС болон Эрээн хотын захиргаа хамтран үүсгэн байгуулсан. Манай сургууль 2012 оны есдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Сургуулийн нийт талбай нь 190 мян м2 бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь 12 сая 170 мянган юаниар үнэлэгдэж байна. Дотуур байр болон хоолны газар нь 2000 оюутанд зэрэг үйлчлэх хүчин чадалтай. Одоогоор манай дээд сургууль нь 50 гаруй багш ажилтан /19 монгол багш/ болон 1000 гаруй оюутантай /180 гаруй монгол оюутан/ байна. Манай сургуульд одоо Монгол, ОХУ болон Балба зэрэг улсаас нийтдээ 220 гаруй оюутан суралцаж байна. Өвөр Монголын ӨЗО-ны хэмжээнд байдаг хятад хэлний түвшин тогтоох шалгалт /HSK/ авдаг гурван төвийн нэг нь манай сургуульд бий” гэлээ.

ЭХОУДС нь хятад хэлний бэлтгэл, бакалаврын түвшинд хэл уран зохиолын багш, олон улсын худалдаа, аялал жуулчлалын менежмент, хөл бөмбөгийн дасгалжуулагч болон бизнесийн хятад хэл зэрэг 10 гаруй мэргэжлээр элсэлт авдаг аж. "2+2" хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнууд дотооддоо 2 жил, энэ дээд сургуульд 2 жил сурах боломжтой. Эрээн хотын захиргааны зүгээс тус дээд сургуульд олон тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд 216 оюутан тэтгэлэгт, 72 оюутан бүрэн хэмжээний тэтгэлэгт хамрагджээ. 

Ч.Алтанцэцэг бол ЭХОУДС-д багшилдаг монгол багш нарын нэг. Тэрбээр тус дээд сургуульд гоо зүй ба ёс зүйн хичээл заахаас гадна байрны багш хийдэг аж. 



Түүний ярьснаар, тус дээд сургуулийн захиргаа монгол багш нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдэж өгчээ. Багш нарыг үнэгүй байраар хангаснаас гадна сар бүр хоолны мөнгө гэж тодорхой хэмжээний мөнгө өгдөг байна. Ч.Алтанцэцэг багш энэ их сургуульд хоёр жилийн өмнөөс ажиллаж эхэлжээ. Тэрбээр тус сургуульд багшилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

ЭХОУДС-д хэрхэн элсэх вэ?

ЭХОУДС нь ирэх хичээлийн жилийн элсэлтээ хэдийн авч эхэлжээ. Элсэхийг хүсэгчид наймдугаар сарын 25-наас өмнө Ixswxt2017@163.com гэсэн и-мэйл хаягаар материалаа илгээж болно.

Бүртгүүлэхэд:
·       Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /D-гээс дээш дүнтэй байх/
·       Төгсөлтийн шалгалтын дүн
·       Гадаад паспортын нүүрэн тал, сунгалтын хэсгийг сканердуулах
·       Цээж зураг /3x4-ийн хэмжээтэй, цэнхэр дэвсгэртэй байх/

Материал нь тэнцсэн сурагчид 8 дугаар сарын 30-наас өмнө шаардагдах бичиг баримттайгаа /дээр дурдсан/ ЭХОУДС-ийн хичээлийн байрны 410 тоотод очиж ярилцлагад орно.

Дээрх хоёр шалгуурт тэнцэгсэд ЭХОУДС-тай гэрээ байгуулах бөгөөд гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

Сургалтын төлбөр

Материал нь шаардлага хангаж, ярилцлагад тэнцсэн сурагчид сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө.  Харин оюутны байрны төлбөрт жилд 2400, сурах бичигт 400юань, гэнэтийн ослын даатгалд 80 юань төлөх ёстой.

Мөн хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг сургалтын төлбөрөөс чөлөөлдөг байна. 
Г.Доржханд

/Эрээн хотоос/
Related news