Умард Солонгосын нүүрсний экспортын орлого 99 хувиар унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-11 13:51:30
ТОКИО./TASS/. БНАСАУ-ын гадаадад нүүрс нийлүүлж олдог орлого нь НҮБ-ын хоригийн улмаас 2 дугаар сарынхтай харьцуулахад 3 дугаар сард 99 хувиар буурчээ. Энэ тухай Японы NHK телевиз НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн дэргэдэх Пхеньяны эсрэг авсан хоригийн хэрэгжилтэд хяналт тавих комиссын тоон мэдээллийг иш татан уламжиллаа.

Мэдээлэлд дурдсанаар, 3 дугаар сард БНАСАУ гадаадад 570 мянган долларын нүүрс нийлүүлжээ. Үүнээс өмнө буюу 1 дүгээр сард энэ үзүүлэлт 126,4 сая доллар байсан бол 2 дугаар сард 105 сая доллар байжээ.

Умард Солонгосын нүүрсний гол худалдан авагч бол Хятад улс юм. Харин 2 дугаар сараас эхлээд Хятад улс пуужин, цөмийн хөтөлбөрөө зогсоохыг Умард Солонгосоос шаардан шахалт үзүүлэх үүднээс тус улсаас нүүрс импортлохоо бүрэн зогсоожээ. Ингэснээр 3 дугаар сард зөвхөн Малайз улс л нүүрс худалдан авсан байна.

Өнгөрсөн оны 3 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл цөмийн туршилт хийсэн, баллистик пуужин харвасных нь хариуд Умард Солонгосоос нүүрс импортлохыг хориглосон юм. Ингэхдээ Бээжингийн хүсэлтээр БНАСАУ-ын хүн амын амьжиргааг дэмжих үүднээс хүмүүнлэгийн зорилгоор бага хэмжээний нүүрс нийлүүлэхийг зөвшөөрчээ. Харин 11 дүгээр сард БНАСАУ тавдахь удаагаа цөмийн туршилт хийсэн нь нөхцөл байдлыг улам дордуулсан юм. Хүмүүнлэгийн зорилгоор нүүрс худалдаж авах хязгаарыг 400 сая доллароор тогтоосон ба энэ нь 7,5 сая тонн нүүрс болж байгаа юм.

Хятад бол Пхеньяны худалдааны гол түнш бөгөөд тус хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2016 онд 5,4 тэрбум доллар байсан ба Хятадын импортын тэн хагас орчим нь нүүрс байжээ.
О.Барс 


 

 


Related news