“Түр хоноглох байр” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-02 15:54:58
Дархан-Уул /МОНЦАМЭ /Тус аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй иргэдийг асрамжлах гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас “Түр байрлуулж асрамжлах, түр хоноглох байр” төслийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулав.
Уг төсөл нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсвэл хүчирхийлэлд өртөж болзошгүй хохирогч, хүүхдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, орц, хонгил, дулааны худагт хүнд нөхцөлд амьдардаг гэр, орон харж хандах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрөөс зайлшгүй анхаарал халамж шаардлагатай ажил мэргэжилгүй 18-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэхээр зорьж байна гэж уг төслийг танилцуулсан аймгийн ХХҮГ-ын дарга н.Энхболд онцлов. Тэрбээр: “Нэн тэргүүнд “Түр байрлуулж асрамжлах болон түр хоноглох байр” байгуулж нийгмийн хамгааллын дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа зорилтот бүлгийн өрх, иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг манай байгууллага хамтарч ажилладаг төрийн бус байгууллагуудад гэрээгээр  гүйцэтгүүлэх замаар цогцоор нь үзүүлэхийг зорьж байна. Түр асрах байрны багтаамж хүчин чадал нь 40-50 хүн багтаах хэмжээтэй төлөвлөж нэг үйлчлүүлэгчийн хоногийн зардлыг 10 мянган төгрөг байх урьдчилсан тооцоог гаргалаа” гэв.
Уг төслийг тэргүүлэгчид хэлэлцэж дэмжлээ.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
Related news