Хятадын эрдэмтэд сансарт үүдэл эсийн туршилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-21 16:49:56

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эрдэмтэд сансрын жингүйдлийн нөхцөлд үүдэл эс хуваагдах, үр хөврөл үүсэх үйл явцыг судлахаар төлөвлөж байна. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

“Энэ бол маш чухал туршилт, учир нь бид сансрыг судлах явцад хүн төрөлхтөн хэрхэн нөхөн үржихийг судлах тал дээр анхны алхмыг хийж байгаа юм” гэж Бээжингийн Цинхуа их сургуулийн профессор, Малайзын иргэн Кенкуй Ки сэтгүүлчдэд ярьжээ.

Түүний ярьснаар “Тяньжоу-1” сансрын ачааны хөлөг тойрог замд шаардлагатай биоматериалыг хүргэж өгсөн ба уг биоматериал дээр бичил таталцал, сансрын таталцал, соронзон орны таталцал нь хүний нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлөхийг судлах ажээ. “Эдгээр бүх хүчин зүйлүүдээс бичил таталцал нь нэлээд хүндрэл учруулах болов уу” гэж мэргэжилтэн ярилаа.

Туршилт 30 хоног үргэлжлэх бөгөөд Хятадын эрдэмтэд эх дэлхийгээс алс хол зайд үр хөврөлийн үүдэл эс нь үр тогтолт болон хувирах үйл явцыг бий болгох тоног төхөөрөмжийг хянах ажээ.

ОХУ, Европын орнууд болон АНУ-ын эрдэмтэд сансрын нисэгчдийн булчин, ясанд бичил таталцал хэрхэн нөлөөлөхийг судлах туршилтыг нэг бус удаа хийж байсан боловч сансарт хүүхэд төрүүлэх асуудалд төдийлөн анхаарал хандуулж байгаагүй юм. Харин Хятадын эрдэмтдийн дээрх төсөл нь энэ чиглэлд хийх анхны алхам болох юм.
О.Барс 

 

 

 

 



Related news