Гахайны "өөрчлөн сайжруулсан" улаан хоолойг нярай хүүхдэд шилжүүлэн суулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-18 16:38:51
ЛОНДОН. /TASS/. Төрөлхийн эмгэгтэй төрсөн нярай хүүхдүүдэд шилжүүлэн суулгахын тулд гахайны эрхтнүүдийг өөрчлөх туршилтыг Их Британийн эрдэмтэд анх удаа хийж байна.

Тодруулбал, амны хөндийг ходоодтой холбодог улаан хоолойны амсаргүй төрсөн нярай хүүхдэд түүний үүдэл эсийг ашиглан гахайны эрхтнийг өөрчлөөд уг эрхтнийг шилжүүлэн суулгах гэж байгаа аж. Ийм эмчилгээг Лондон хотын Great Ormond Street Hospital  гэдэг хүүхдийн эмнэлгийн эмч нар ирэх онд улаан хоолойн төрөлхийн эмгэгтэй 10 хүүхдэд хийхээр төлөвлөсөн байна. Мэс заслын үнэ 125,2 мянган доллар болох ажээ.

Гэдсэнд байгаа хүүхэд улаан хоолойны артрезитэй байна гэдгийг жирэмсний 20 дахь долоо хоногт оношлох боломжтой болсон байна. Эмч нар ойрын хугацаанд эхний хэсэг өвчтөнүүдээ тодорхойлох ба тэдний эцэг эхчүүдэд ийм төрлийн мэс заслыг санал болгох юм.

Янз бүрийн хэмжээтэй улаан хоолойг Британийн фермүүдэд үржүүлж буй гахайнуудаас авах ажээ. Энэхүү материал нь тулгуурын /каркас/ үүргийг гүйцэтгэх ба шилжүүлэн суулгах эрхтэнийг түрэгдэн гарахаас сэргийлэх зорилгоор гахайн каркас эрхтний бүх эсийг нь улаан хоолойн булчин болон түүний зарим хэсгээс авсан хүүхдийн үүдэл эсээр солих юм. Зөөлөн эдийн инженерчлэлийн энэ үйл явц хоёр сар орчим үргэлжлэх аж. Ийм маягаар, эмч нар гахайн "өөрчлөн сайжруулсан" улаан хоолойг 2-3 сартай хүүхдэд шилжүүлэн суулгахаар төлөвлөж байгаа юм.

“Энэ бол цоо шинэ технологи. Олон жилийн туршид гахайнаас зүрхний хавхлагыг нь авч хүнд шилжүүлэн солих мэс заслыг хийдэг байсан боловч “амьтны каркасаас” эрхтэн гаргаж авч байгаагүй” гэж профессор Паоло де Копли ярилаа. Тэрбээр 2010 онд 13 настай хүүхдэд үүдэл эсийг нь ашиглан донорын төвөнх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн хүн юм. 

Улаан хоолойн битүүрэлтийн /атрези/ тохиолдлын 90 хувийг гуурсыг нь таглах харьцангуй энгийн мэс заслаар эмчилдэг бол хүнд төрлийн гэмтэлтэй үед боломжтой цорын ганц хувилбар бол хүүхдийн ходоодыг цээжний хөндий рүү нь шилжүүлдэг ярвигтай мэс засал юм.

Харин одоо хүнд өвчтэй хүүхдүүдэд улаан хоолойн нэг хэсгийг нь шилжүүлэн суулгах боломжтой болсноор эрүүл хүн шиг амьдрах боломж бүрдэх юм.

Судлаачдын баг мөн гахайны шилжүүлэн суулгах эрхтнүүдийг ашиглан улаан хоолойны хавдартай насанд хүрсэн хүмүүст хийх мэс заслын эмчилгээний аргыг боловсруулж байгаа ажээ. 
О.Барс 

 

Related news